Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ

УИХ-д өргөн баригдаад жил орчим хугацааг өнгөрөөж, олны шүүмжлэлийг багагүй дагуулаад байгаа УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын санаачилсан тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр УИХ-аар хийсэн. Гэсэн ч хаврын чуулган хааж байгаа тул эцэслэн баталж амжилгүй, намрын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж байна. УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын гишүүдийн өнгөрөгч 2025 оны хаврын чуулганаар өргөн барисан тамхины хяналтын тухай хуулийн төсөл хэлэлцэж эхэлсэн цагаасаа маргаан дагуулаад байсан. Иймд дээрх хуулийн төслийн хэд хэдэн заалтад өөрчлөлт оруулж, уламжлалт хэрэглээ болсон хамрын тамхийг амт, үнэртэй тамхин бүтээгдэхүүнд хамааруулахгүй байхаар зохицуулжээ. Мөн 2010 оны 1-р сарын 1-ээс хойш төрсөн иргэдийг насан туршид нь тамхины бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглох тухай заалтыг төслөөс хассан байна. Иймд УИХ-ын гишүүн О.Номинчимэг тус хуулийг энэ хаврын чуулганаар батлах төлөвлөгөөтэй байсан ч хаврын чуулганы хаах хугацааны улмаас хойшилсон бөгөөд намрын чуулганаар заавал батлуулахаар ажиллана гэдгээ мэдэгдлээ. 

Хэдийгээр УИХ-ын хаврын чуулганы хуралдааны сүүлийн хуралдаанд тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтад 80 гаруй хувийн саналаар дэмжигсэн ч хуулийн төслийг ийн хойшлуулаад байна. Уг нь дээрх хуулийн төсөл нь зөвхөн янжуур тамхи бус электрон тамхи, халаадаг тамхи зэрэг никотин агуулсан бүтээгдэхүүний зохицуулалтыг чангатгах, хүүхэд, өсвөр үеийнхнийг тамхины хэрэглээнээс хамгаалах, худалдаа, сурталчилгаа, хэрэглээний хяналтыг сайжруулах зорилготой, нийгмийн тэр дундаа эрүүл мэндийн томоохон хуулийн төсөл байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллээр манай улсад жил бүр ойролцоогоор 4300 иргэн тамхины шалтгаант өвчин, эрсдэлээс үүдэн нас бардаг бөгөөд энэ нь тамхины хяналтын бодлогыг чангатгах шаардлагатайг харуулж буй гол үзүүлэлтүүдийн нэг гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.