УИХ-ын 2026 оны хаврын чуулган өнөөдөр албан ёсоор өндөрлөлөө. Чуулганы хаалтын энэ өдөр парламентын гишүүд 140 гаруй хуулийн төслийг нэг дор бөөндөж, хууль тогтоомжийн чанарт эргэлзээ төрүүлэхүйц яаруу сандруу шийдвэр гаргалаа гэх шүүмжлэлийг дагуулсан ч нөгөө талдаа нийгэмд олон жил хүлээлт үүсгээд байсан гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон реформын томоохон төслүүдийг эцэслэн баталж чадсан нь энэ удаагийн хаврын чуулганы хаалтын хуралдааны гол онцлог байлаа.
УИХ-ын 2026 оны хаврын чуулган эхэлсэн цагаасаа улс төрийн ширүүн маргаантай нүүр тулсан. Чуулган 3-р сарын 16-нд албан ёсоор нээлтээ хийсэн ч УИХ дахь ан бүлэг УИХ-ын дарга Н.Учралыг албан тушаалаасаа огцрохыг шаардан нэгдсэн хуралдааныг бойкотолж, эхний 10 гаруй хоногт УИХ 64 гишүүний ирц бүрдүүлж чадалгүй, төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж эхэлж чадаагүй. Улмаар парламентын гацаа зөвхөн сөрөг хүчний бойкотоор зогсохгүй эрх баригч намын дотоод зөрчилтэй давхцаж, улс төрийн хямрал гүнзгийрсэн. Үүний үр дүнд тухайн үеийн ерөнхий сайд Г.Занданшатар огцорч, шинэ засгийн газар байгуулагдсан нь хаврын чуулганы улс төрийн хамгийн том үйл явдал болсон. Улс төрийн хүрээний маргаан, тэмцлээс үүдэн товлогдсон байсан хуулийн төслүүд гацаж, хэлэлцэгдэхгүй явсаар УИХ-ын чуулганы үйл явц 4-р сараас л хэвийн горимдоо орсон гэхэд хэлсдэхгүй. Хэдийгээр парламент хэвийн горимдоо шилжсэн ч Оюутолгойн хэлэлцээр, нийгмийн даатгалын шинэчлэл, эрчим хүч, гааль, тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг асуудлаар эрх баригчид, ардчилсан намын бүлэг болон зарим гишүүдийн хооронд байр суурийн зөрчил үргэлжилж, хаврын чуулган улс төрийн өндөр халуун уур амьсгал дунд өндөрлөж байна. Үүнээс үүдэн зарим нэн шаардлагатай хуулийн төслүүд хойшлогдож, УИХ эрх баримч намаас бүрэн хамааралтай болсон гэдгийг зарим УИХ-ын гишүүд хэлж байна.
Хэдийгээр энэ хаврын чуулга их маргаан дунд өрнөсөн ч нийгэмд олон жил хүлээлт үүсгээд байсан гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх багц өөрчлөлт, гаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, болон реформын томоохон төслүүдийг эцэслэн баталж чадсан завгүй чуулган байсан гэдгийг зарим УИХ-ын гишүүд хэлж байна.
Ингэснээр зөвхөн УИХ-ын чуулганы хаалтын өдрийн үдээс өмнөх хуралдаанд нийтдээ зургаан хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 138 гаруй хуулийн төслийг эцэслэн батлаад байна. Үүнд зарим хуулийн төсөл нь нэн шаардлагагүй ч зарим төсөл нь эдийн засгийн орчныг сайжруулах, төрийн үйлчилгээний цахимжилтыг өргөжүүлэх, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх чиглэлд бодит ахиц гаргасан гэж дүгнэж болно.