Иргэд үндэсний дээл хувцсаараа гоёж, улсынхаа уламжлалт баяр ёслолыг хүндэтгэн тэмдэглэх сонирхол жилээс жилд улам нэмэгдсээр байна. Гэвч энэ жил иргэдийн худалдан авах чадвар өмнөх жилүүдээс буурсан байгааг худалдаа эрхлэгчид хэлж байна. Зах, худалдааны төвүүдэд эрэгтэй дээл 300 мянгаас 800 мянган төгрөгийн үнэтэй өнгөрсөн онтой харьцуулахад төдийлөн өөрчлөлт ороогүй байгаа юм. Монгол дээл хувцас материал, хийц, урлалын онцлогоос шалтгаалан харилцан адилгүй үнэтэй байна.
Мишээл экспо худалдааны төвд дэлгэгдсэн үндэсний дээл, хувцасны худалдаанд монгол цамц 90–150 мянган төгрөг, эрэгтэй дээл 300–800 мянган төгрөг, эмэгтэй дээл 250–400 мянган төгрөг, харин хантааз 200–250 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Худалдаа эрхлэгчдийн хэлж буйгаар, иргэд тод өнгийн үндэсний дээл, хувцас өмсөх сонирхол өндөр байдаг ч өдөр тутмын хэрэглээ, тэр дундаа тоосжилт ихтэй орчинд өмсөхийг харгалзан бараан өнгийн дээл сонгох нь илүү түгээмэл байна. Иймээс хар, хүрэн, хөх зэрэг бараан өнгийн дээл худалдан авах эрэлт харьцангуй өндөр байгааг худалдаа эрхлэгчид онцоллоо.
“Харин бөмбөгөр худалдааны төв”-д эрэгтэй дээл 300 мянган төгрөгөөс, торгон дээл 500 мянган төгрөгөөс эхэлж худалдаалагдаж байна. Мөн хантааз 120–250 мянган төгрөг, эмэгтэй дээл 200–400 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд үнэ нь материал, хийц, урлалын онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байна. Тус худалдааны төвийн худалдаа эрхлэгчдийн хэлж буйгаар, өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ жилийн худалдан авалт харьцангуй сул байгааг онцолж байна
Иргэд үндэсний дээлээ захиалгаар хийлгэхэд дунджаар 400–600 мянган төгрөгийн өртөгтэй байна. Харин торгон даавуу, гар урлалын хатгамал зэрэг нэмэлт чимэглэлтэй дээлний үнэ 800 мянган төгрөгөөс эхэлдэг байна. Үндэсний их баяр наадмын өмнөхөн оёдолчдын ачаалал эрс нэмэгддэг тул дээлээ хийлгэхээр төлөвлөж буй иргэд захиалгаа дор хаяж 10–14 хоногийн өмнө өгөх шаардлагатай болдгийг урлаачид зөвлөж байна. Хэдийгээр иргэдийн үндэсний дээл, хувцсаа өмсөх, уламжлалт хувцсаараа гоёх хандлага жилээс жилд нэмэгдэж байгаа ч энэ жил эдийн засгийн нөхцөл байдал, худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор борлуулалт өмнөх жилүүдээс харьцангуй сул байгааг худалдаа эрхлэгчид онцолж байна.