БНСУ-ын хөл бөмбөгийн түүхэн дэх "Алтан үе" гэгдэж байсан шигшээ баг ДАШТ-д хэсгээсээ гарч чадалгүй хасагдаж, дасгалжуулагч нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Харин шигшээ багийнхаа бүтэлгүйтэлд цочирдсон тус улсын Ерөнхийлөгч И Жэ Мён хөл бөмбөгийн холбооны санхүүгийн үйл ажиллагаа болон танил тал харж дасгалжуулагч томилдог байж болзошгүй далд тогтолцооны асуудлыг яаралтай шалгахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.
Европын томоохон лигүүдэд тоглодог чадварлаг тамирчдаас бүрдсэн БНСУ-ын үндэсний шигшээ баг ДАШТ-д чамлахаар үр дүн харуулж, хэсгээсээ ч гарч чадалгүй нутаг буцсан юм. Харин уг бүтэлгүйтлийн гол буруутнаар тактикийн алдаа гаргасан, тэр дундаа Өмнөд Африкийн эсрэг шийдвэрлэх тоглолтод багийн ахлагч Сон Хюн Минийг үндсэн бүрэлдэхүүнд гаргалгүй сэлгээнд суулгасан ахлах дасгалжуулагч Хон Мён Бо нэрлэгдсэн юм. Тэрээр Өмнөд Солонгосын ард иргэдийн шүүмжлэлийн улмаас огцрох шийдвэрээ зарласан юм. Өнгөрсөн сарын 30-ны өдөр Өмнөд Солонгосын шигшээ баг Инчон олон улсын нисэх буудалд газардахад түүхэндээ анх удаа ямар нэгэн угтах ёслол болоогүй төдийгүй тэнд цугларсан зуу зуун хөгжөөн дэмжигч дасгалжуулагч Хон Мён Бо-г эх орноосоо хөөж, хөлбөмбөгийн холбоог шүүхэд өгөхөө мэдэгдсэн байна.
Харин олон нийтийн бухимдал, дарамтаас шалтгаалан Хон Мён Бо өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүднээс АНУ руу яаралтай ниссэн бөгөөд хувцас солих өрөөнд түүнийг багийн ахлагч Сон Хюн Минтэй маргалдсан гэх цуу яриа ч хэвлэлүүдээр гарч эхэллээ. Уг үйл явдалд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён хүртэл оролцож, шигшээ баг нь хасагдсан явдалд "Туйлын гайхаж, балмагдаж" байгаагаа илэрхийлж, хөлбөмбөгийн холбооны удирдлагуудын танил тал харж дасгалжуулагч томилдог хууль бус тогтолцоог Соёлын яамнаас яаралтай шалгах тушаал өгснөөр тус улсад хөлбөмбөгийн бүтцийн томоохон шинэчлэл хийгдэх гэж байна. Түүнчлэн дасгалжуулагч асныг АНУ-ын Лос-Анжелес хотод ирсэн сургаар тус хотод үйл ажиллагаа явуулдаг Солонгос зоогийн газар, фитнес төвүүд хон Мён Бо-д үйлчлэхгүй гэдгээ мэдэгдэж, бойкотлож эхэлжээ. Уурссан хөгжөөн дэмжигчид ДАШТ-ий бүтэлгүйтэл болон Сон Хын Минийг сэлгээнд суулгасан шийдвэрийг уучилж чадахгүй байгаа тул "Түүнд үйлчлэхгүй байх" цахим уриалаг гаргасан нь өргөн хүрээг хамарчээ.