Хятад, Орос хоёр улсын тэнгисийн цэрэг Шар тэнгист хамтарсан сургуулилалт эхэллээ. Тэд хамтран сургуулилалтаа үргэлжлүүлэн Номхон далайд эргүүл хийхээр болжээ. Хоёр улсын Батлан хамгаалах яамнаас 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа хамтарсан сургуулилалт энэ удаа Хятадын Чиндао хотод болж байгаа юм байна.
ОХУ-ын талаас пуужингийн крейсер хөлөг онгоц, корвет ангиллын хөлөг, дизель-цахилгаан хөдөлгүүртэй шумбагч онгоц болон аврах хөлөг онгоцууд оролцож байна. Харин БНХАУ-ын талаас ардын чөлөөлөх армийн сөнөөгч хөлөг онгоцнууд, фрегат хөлөг, шумбагч онгоц болон хангамжийн туслах хөлгүүд оролцож байгаагаас гадна тэнгисийн явган цэргийн ангиудын алба хаагчид оролцож байгааг уламжилжээ.
Энэхүү цэргийн ажиллагаа нь хүчээ нэгтгэх, боомт дахь төлөвлөлт болон тэнгис дэх бодит ажиллагаа гэсэн гурван үе шаттайгаар явагдана. Талууд хамтарсан тагнуулын ажиллагаа, агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах тактик, шумбагч онгоцны эсрэг довтолгоо, тэнгисийн цэргийн цохилт өгөх ажиллагаа, их бууны гал нээх сургуулилалт болон хамтарсан аврах ажиллагааны чиглэлээр байлдааны бэлтгэлээ хангаж байгаа юм.
Сургуулилалт дууссаны дараа Хятад, Оросын байлдааны хөлөг онгоцууд Номхон далайн тодорхой бүс нутгуудад хамтарсан тэнгисийн эргүүл хийхээр төлөвлөжээ. Тэгвэл Хятад, Оросын цэргийн сургуулилалт нь АНУ болон түүний Ази дахь холбоотнууд болох Япон, Филиппин улсын Батлан хамгаалахын түншлэлийн эсрэг авч буй хариу арга хэмжээ гэж Барууны цэргийн шинжээчид үзэж байна.