Наадам хаяанд ирж, иргэд хөдөө гадаа амарч эхэлсэн үед, өнгөрөгч амралтын өдрүүдэд шатахууны хомсдол үүссэн талаарх мэдээлэл цахим орчинд тарж, ШТС-уудад урт дараалал үүссэн. Тэгвэл харьяа яамнаас шатахууны хангалт хэвийн байгаа, шатахууны тасалдал үүсээгүй гэж мэдээллээ. Хэдийгээр ОХУ-д нөхцөл байдал хүнд байгаа ч 2 улсын хооронд хийгдсэн гэрээний дагуу ОХУ-аас шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа гэж мэдэгджээ.
Үндэсний их баяр наадмын урт хугацааны амралтын өдрүүд эхэлж, иргэдийн орон нутгийг зорих хөдөлгөөн болон дотоодын аялал жуулчлал идэвхжиж байгаатай холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны хангамж, нөөцийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ОХУ-ын дотоод зах зээлд тодорхой хэмжээний тасалдал үүссэн ч монгол улс тус улстай урт хугацааны тусгай гэрээний нөхцөлөөр хамтран ажиллаж байгаа аж. Тиймээс ОХУ-аас тогтоож буй экспортын хязгаарлалт, хориг арга хэмжээнүүд манай улсад үйлчлэхгүй гэдгийг салбар яамнаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Монгол улсад АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 71.552 мянган тонн буюу 33 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна. Харин АИ-95 төрлийн бүтээгдэхүүн 3965 мянган тонн буюу 44 хоногийн хэрэглээний нөөцтэй байгаа бол дизель түлшний хувьд 106.683 тонн буюу 27 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байгаа. АИ-92 бүтээгдэхүүний тухайд ОХУ-тай байгуулсан 705 ам.доллараар тогтмол нийлүүлэх гэрээний нөхцөлд гурван сарын турш үнэ 30 хувиас дээш нэмэгдсэн тохиолдолд үнийг эргэж харна тусгажээ. Одоогоор үнэ нэмэгдэхгүй харин наадмын дараагаас буюу энэ сарын 20-оос хойш үнэ хангамжийн нэгдсэн зөвлөл хуралдаж үнэ нэмэх эсэхийг шийдвэрлэх юм.
Мөн ОХУ-д үүссэн нөхцөл байдал болоод бусад асуудлыг харгалзан үзэж хоёрдогч, гуравдагч хөршөөс газрын тосны бүтээгдэхүүн тогтмол нийлүүлэх бодлогын ажлыг хийж байгаа юм байна. Тухайлбал БНСУ-аас дизель түлш татаж авах гэрээ хэлэлцээрийг аж ахуйн нэгжүүд хийж эхэлсэн бол БНХАУ-ын "Петрочайна" болон "Чайна ойл" компаниудтай бүтээгдэхүүн авах гэрээг байгуулсан гэдгийг мэдээлж байна.
Газрын тосны бүтээгдэхүүн инфляцад шууд нөлөөтэй. Үнийг газрын тосны бүтээгдэхүүний зөвлөл тогтоодог. Дотоодын аялал жуулчлалын улирал эхэлж байгаа тул шатахууны нийлүүлэлт тасрах ёсгүй гэдгийг салбар яамнаас шатахуун импортлогч нарт анхааруулсан байна. Мөн түүнчлэн 291 мянган метр куб шатахууны агуулах барих ажил эхэлсэн бөгөөд 08-р сарын 01-ээс зарим агуулахыг ашиглаж эхлэх юм байна. Мөн салбар яамны төлөөлөл ААН-үүдийн төлөөлөлтэй уулзсан бөгөөд дизель түлшний үнийг 1385 ам.доллар гэсэн ч Засгийн газар ААН-үүдтэй хамтран ажиллаж, үнэ тохирсноор энэ үнэ буурч, 1040 ам.доллар гэсэн санал ирлээ. Иймд энэ сарын сүүлээр үнэ буурна гэлээ.