Энэ жил үндэсний бөхийн барилдаанд 1024 бөх зодоглохоор болсон. Өмнө нь бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долоодугаар сарын 10-ны өдөр зохион байгуулна гэж мэдэгдсэнтэй холбогдуулан өнөөдөр үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хорооноос мэдэгдэл гаргалаа. 7-р сарын 10-ны өдөр үндэсний бөхийн зөвхөн нэгийн даваа, 7-р сарын 11-ний өдөр хоёрын болон гурвын давааг, харин 12-ний өдөр 4-ийн даваанаас эхлэн зохион байгуулахаар эцэслэн баталжээ.
Энэ жил үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан бөхчүүдийн бүртгэлийг Даваа, Мягмар, Лхагва гаргуудад 10:00–19:00 цагийн хооронд зохион байгуулах юм байна. Бүртгүүлэх бөхчүүд иргэний үнэмлэх, цолны үнэмлэх зэрэг шаардлагатай бичиг баримтаа авч очих шаардлагатай байна. Харин өсвөрийн бөхчүүдийн бүртгэл Мягмар, Лхагва гаргуудад 10:00–17:00 цагийн хооронд явагдана. Мөн энэ жил үндэсний их баяр наадмын тэгш ой тохиож буйтай холбогдуулан 1024 бөх барилдуулах болсон тул барилдааны хуваарьт өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, долоодугаар сарын 10-ны өдөр нэгийн даваа, долоодугаар сарын 11-ний өдөр баяр наадмын нээлтийн ажиллагааны дараа хоёрын болон гурвын даваа болно. Харин долоодугаар сарын 12-ны өдөр дөрвийн даваанаас эхлэн барилдааныг үргэлжлүүлэхээр болсон талаар үндэсний бөхийн салбар хорооноос мэдээллээ.
Мөн үндэсний бөхийн барилдааны үеэр монголын үндэсний бөхийн салбар холбоо болон допингийн эсрэг байгууллага хамтран долоон хүний бүрэлдэхүүнтэй “Үр дүнгийн удирдлагын баг”-ийг томилж ажиллуулахаар болсон байна. Түүнчлэн авлигатай тэмцэх газар, цагдаа, тагнуулын байгууллагын төлөөллүүд шинжилгээний сорьцыг Герман улсын шинжилгээний байгууллагад хүргэхээс эхлээд шинжилгээний хариу эцэслэн гарах хүртэлх бүх үйл явцад хяналт тавина гэдгийг онцолж байна.
Мөн ёс зүйн зөрчил гаргасан бөхчүүдийн асуудлыг өнөөдөр гэхэд эцэслэн шийдвэрлэх юм байна. Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын хувьд допинг илэрсэн гэдгийг үгүйсгээгүй ч процессын алдаа гарсан гэж гомдол гаргасан бөгөөд Арбитрын шүүх уг гомдлыг ханган шийдвэрлэсэн байна. Харин энэ жилийн баяр наадмаар түүнийг барилдуулахгүй гэдгийг албаныхан мэдэгдлээ.
Өчигдрийн 12:00 цагийн байдлаар нэг дархан аварга, 16 улсын цолтой бөх, 240 гаруй аймаг, цэргийн цолтой бөх нийт 260 гаруй хүн бүртгүүлээд байна. Урьдчилсан бүртгэлээс үзэхэд 500 гаруй сумын цолтон барилдахаар байгаа тул цэргийн алба хаагчдыг барилдуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Мөн тэгш ой тохиож буйтай холбогдуулан Монгол туургатны бөхчүүд наадамд оролцох хүсэлтээ ирүүлжээ. Тодруулбал, Тувагаас хоёр, Өвөрмонголоос дөрвөн бөх барилдах хүсэлтээ өгсөн байна. Одоогоор тэднийг барилдуулах эсэхийг эцэслэн шийдээгүй байна