Энэ даваа гарагт Украины зэвсэгт хүчин баруун сибирийн бүс нутагт байрладаг, тус улсын хилээс 2500 километр зайд орших оросын томоохон газрын тос боловсруулах үйлдвэрийг онилон дроны цохилт өгчээ. Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын зэвсэгт хүчин Украины нийслэл Киев хот руу олон тооны пуужин хөөргөж, агаарын довтолгооны улмаас 28 энгийн номхон иргэн амь үрэгджээ.
Тэгвэл ОХУ-ын пуужингийн довтолгоо нь Украины агаарын довтолгооноос хамгаалах систем болон сум хэрэгслийн нөөц шавхагдаж байгааг ил тод харууллаа. ОХУ-ын арми гаарын довтолгоогоо хэд хэдэн чиглэлээс зэрэг удирдан, патриот агаарын довтолгооноос хамгаалах системийн цоорхойг ашиглан үлэмж хэмжээний хохирол учруулжээ. Өдгөө сүйрсэн орон сууцны барилгуудын нуранги доороос зарим оршин суугчдыг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Украины эрх баригчид өрнөдийн холбоотон орнуудад агаарын хамгаалалтын системийн шуурхай тусламж үзүүлэхийг уриалжээ.
Өнгөрөгч даваа гарагт Украины батлан хамгаалах яамны тагнуулын ерөнхий газар болон аюулгүй байдлын алба хамтран дайн эхэлснээс хойших хамгийн холын зайн агаарын дайралтыг явууллаа. Украины алсын тусгалтай дронууд фронтын шугамаас 2500 орчим километрийн зайд орших Омск дахь газпром компанийн эзэмшлийн газрын тос боловсруулах хамгийн том үйлдвэр рүү амжилттай довтолж, хохирол учруулжээ. Уг халдлагын улмаас үйлдвэрийн байгууламжид гал түймэр дэгдсэн ч бүс нутгийн удирдлага хохирлын талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Өнгөрсөн 2025 онд Омскийн газрын тос боловсруулах үйлдвэр нь өдөрт 23 сая тонн буюу 460 мянган баррель газрын тос боловсруулж, ОХУ-ын зэвсэгт хүчний ложистик, түлшний хангамж болон тус улсын экспортын орлогыг бүрдүүлэгч гол зангилаа дэд бүтэц байжээ.