Ерөнхий сайд Н.Учралын засгийн газар байгуулагдсанаас хойш 100 хоног өнгөрч, өнөөдөр “100 чөлөөлөлт, 100 өдөр” тайлант хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тэрбээр засгийн газар өнгөрсөн хугацаанд “чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд эдийн засаг, хууль эрх зүй, ногоон хөгжил, авлигын эсрэг гэсэн дөрвөн чиглэлээр 100 арга хэмжээг хэрэгжүүлж эхэлснийг онцолсон юм.
Өнгөрсөн 100 хоногт засгийн газрын хамгийн онцлох ажлын нэг нь оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээр байлаа. Хэлэлцээрээр хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулж, хүүгийн нөхцөлийг гурван жил тутамд шинэчлэн хэлэлцдэг болсон бөгөөд нийт 22 их наяд төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэх, монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн байна.
Эдийн засгийн эрх чөлөөг нэмэгдүүлэх хүрээнд төрийн өмчит компаниудын шинэчлэлийг эхлүүлж, 14 охин компанийг татан буулгаснаар 260 орон тооны давхардлыг арилгаж, 67.3 тэрбум төгрөгийн зардал хэмнэжээ. Мөн татвар, зөвшөөрлийн шинэчлэлийн хүрээнд нөат-ын босгыг 50 саяас 400 сая төгрөг болгон нэмэгдүүлж, 23 мянга 429 аж ахуйн нэгжийн бизнесийн орчныг тэлэх эрх зүйн боломж бүрдүүлжээ. Мөн татвар, нийгмийн даатгалын өрийн улмаас хаагдсан 12 мянга 153 аан-ийн дансыг түр хугацаанд нээснээр компаниуд 42 тэрбум төгрөгийн өрөө барагдуулсан байна. Харин нийгмийн бодлогын хүрээнд тэтгэврийн шинэчлэлийг баталж, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 435 мянган ахмадын суурь тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Багш нарын үндсэн цалинг 2.8 сая төгрөг болгож, эрүүл мэндийн салбарын 36 мянган ажилтны цалинг шинэчилсэн бөгөөд үндсэн цалинг үе шаттайгаар 75 хүртэл хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Хэдийгээр ерөнхий сайд н.учралын засгийн газрын 100 хоногийн тоон үзүүлэлт болоод чөлөөлье аяны хүрээнд хийгдсэн ажил их байгаа хэдий ч иргэдийн зүгээс нэг ажилдаа төвлрөлгүй олон ажил зэрэг эхлүүлсэнээр үр дүн харагдахгүй байна гэж шүүмжилж байна.
Ийнхүү Н.Учралын засгийн газар байгуулагдсанаас хойших эхний 100 хоногт эдийн засаг, татвар, төрийн өмчит компани, хөрөнгө оруулалт, нийгмийн хамгааллын чиглэлд томоохон эрх зүйн шинэчлэлүүдийг эхлүүлсэн. Гэвч эдгээр бодлого, шийдвэрийн үр нөлөө бодит эдийн засаг, иргэдийн амьжиргаа, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх нь цаашдын хэрэгжилт, гүйцэтгэлээс шууд хамаарах бөгөөд засгийн газрын дараагийн үйл ажиллагааны гол шалгуур болох юм.