Цахим орчинд энэ оны 07-р сард “Хаан банкны 35 жилийн ойн урамшуулал”, “арилжааны банкны судалгаа”, “CU дата өгнө”, “урамшуулал олгоно”, “судалгаа бөглөөд бэлэг аваарай” гэх мэт иргэдийн анхаарлыг татахуйц хуурамч зар, мэдээлэл байршуулж, тэдгээрт хавсаргасан холбоосоор дамжуулан хуурамч веб хуудас руу нэвтрүүлж интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, нэгудаагийн баталгаажуулах код /OTP/ зэргийг хуулбарлан авч дансанд нэвтрэн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийн 234 тохиолдол бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагаас дээрх төрлийн гэмт хэргийг шалгаж банкны нэр барьсан хуурамч урамшуулал, судалгааны зар байршуулан фишинг сайт ашиглаж, иргэдийн интернэт банкны мэдээллийг хууль бусаар авч байсан гадаад улсын 1, Монгол Улсын 4 иргэнийг илрүүлэн баривчилсан байна. Дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад холбогдогчдын байрлаж байсан орон байр болон биед прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, иргэдийн интернэт банк руу хууль бусаар халдсан болон халдахаар бэлтгэж байсан цахим болон биет нотлох баримтуудыг илрүүлэн, хуулийн хүрээнд бэхжүүлэн авсан байна.
Энэ төрлийн залилах гэмт хэрэг нь цаашид худалдаа, үйлчилгээний байгууллага, үүрэн холбооны оператор, төрийн байгууллагын нэрийг барин “дата бэлэглэнэ”, “урамшуулал өгнө”, “азтан боллоо”, “судалгаа бөглөнө үү” гэх мэтээр нэр, хэлбэрээ өөрчлөн иргэдийг хуурамч холбоос руу оруулах байдлаар үйлдэгдэж болзошгүй.
Иймээс иргэд та бүхэн залилангийн шинжтэй зар, мэдээлэлтэй таарсан тохиолдолд цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлнэ үү.