БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалтад оролцохоор Киргизстан улсын нийслэл Бишкек хотод хүрэлцэн очжээ. Өнөөдөр хоёр удирдагч хаалттай хаалганы цаана тусгайлан уулзаж, стратегийн түншлэлээ бататгахын зэрэгцээ 2 талын харилцааг шинэ шатанд гаргана гэж Кремлээс мэдээлж байна.
Дотны анд, стратегийн хязгааргүй түнш Хятад улсын удирдагч Ши Жиньпинтэй уулзахаасаа өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин барууны ертөнцийг хурцаар шүүмжилсэн байна. Тэрээр АНУ тэргүүтэй барууны орнууд бүх зүйлд “Колончилолын үеийн дээрэнгүй сэтгэхүй”-гээр хандаж байгаа ч Хятад, Энэтхэг зэрэг хүчирхэг гүрэнтэй харилцахдаа ийм тактик баримтлах нь үр дүнгүй болохыг анхааруулжээ.
Түүнчлэн В.Путин Украины хямралын суурь шалтгаан нь НАТО-ын цэргийн эвслийн зүүн зүгт чиглэсэн тэлэлтээс үүдэлтэй төдийгүй уг геополитикийн гүнзгий асуудлыг нэг тийш болгосны дараа урт хугацааны тогтвортой байдал бий болох боломжтойг онцоллоо.
Үүнтэй холбогдуулан Кремлийн хэвлэлийн албанаас “Өрнөдийн орнуудын эдийн засаг болон цэргийн дарамт шахалтын эсрэг Бээжин, Москвагийн харилцааг улам бэхжүүлж, "Иж бүрэн стратегийн түншлэл"-ээ шинэ шатанд гаргана гэж мэдэгджээ.
Өдгөө БНХАУ, ОХУ-ын худалдааны эргэлт, төлбөр тооцооны 90 гаруй хувь нь рубль болон юаниар хийгдэж байгаа нь хоёр улсын эдийн засгийн холбоо хамаарал хэрхэн гүнзгийрснийг харуулж байна.
2022 онд дайн эхлэхээс өмнө Бээжин, Москвагийн худалдааны ихэнх хувь ам.доллар болон еврогоор хийгддэг байжээ. Харин барууны хоригийн дараа тэд өөрсдийн хараат бус санхүүгийн системийг амжилттай босгож чадсаныг дээрх тоо баримт нотолж байна.