Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд АНУ, Иран хоёр харилцан цохилт өгөлгүй, дайны гал намжмал, нөхцөл байдал тогтвортой байсан юм. Гэвч өнгөрсөн ням гарагт АНУ-ын зэвсэгт хүчин Ормузын хоолойн стратегийн чухал байршил болох Ларак арал дахь Ираны пуужин харвагч төхөөрөмжүүдийг бөмбөгдсөн байна.
Үүний хариуд Ираны тал Иордан улсад байрлах АНУ-ын цэргийн баазууд руу баллистик пуужин харваснаар ойрх дорнодын нөхцөл байдал дахин ширүүсчээ.
Ираны исламын хувьсгалт гвард худалдааны хөлөг онгоцуудын гол зам болох Ормузын хоолой руу далайн мина бүхий пуужин харвахаар бэлтгэж байсан тул уг аюулыг таслан зогсоох зорилгоор хоёр харвагч төхөөрөмжийг устгасан гэж АНУ-ын армийн төв командлалаас мэдэгдсэн юм.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын батлан хамгаалах яам Ормузын хоолойн ёроод байршуулсан далайн тэсрэх бөмбөг, минуудыг бүрэн цэвэрлэж дууссанаа зарласан.
Ийнхүү дайсагнагч хоёр улс харилцан пуужин хөөргөсний дараа дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2 гаруй хувиар өслөө.
Сүүлийн үед АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп цэргийн ажиллагаанаас илүүтэй Ираны эсрэг "Эдийн засгийн дайн" зарлаж, Техраныг санхүүгийн аргаар боомилох хориг арга хэмжээнүүдийг эрчимжүүлээд байгаа юм.