Тэтгэврийн нэмэгдэл бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн хурдыг гүйцэхгүй байна

2020 оноос хойш тэтгэвэр 2.4 дахин нэмэгдсэн ч мах худалдан авах чадвар 22 хувиар буурсан юм. Сүүлийн зургаан жилийн хугацаанд ахмадуудын тэтгэвэр шат дараатай нэмэгдсэн ч бодит амьдралд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг гүйцэж чадахгүй байна. Төр засгаас тэтгэвэр нэмэх шийдвэр гаргах тутамд зах зээл дээрх гол нэрийн бүтээгдэхүүний үнэ түрүүлээд өсчихдөг хандлага тогтож, ахмадуудын худалдан авах чадвар уруудсаар байгааг үхрийн ясгүй махны үнэ болон тэтгэврийн доод хэмжээний харьцаанаас харж болно. Албан ёсны статистик мэдээлэлд үндэслэн сүүлийн 6 жилийн тэтгэврийн доод хэмжээ болон үхрийн ясгүй махны үнийн харьцааг харуулж байна.

2020 онд нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн болон цэргийн тэтгэврийг ахмадуудын авч буй хэмжээнээс хамааруулан 25,000-аас 40,000 төгрөгөөр шаталж нэмсэн. Энэ үед бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310.000 төгрөг болсон. Тухайн оны албан ёсны статистик мэдээллээр үхрийн ясгүй мах кг нь дунджаар  12.145 төгрөг байсан бөгөөд бүрэн тэтгэврийн мөнгөөрөө зөвхөн үхрийн ясгүй мах авна гэж тооцвол 25.5 кг ясгүй мах худалдан авах боломжтой байв.
2021 онд Ковид-19 цар тахлын эдийн засгийн хүндрэл, төсвийн алдагдлаас шалтгаалан тэтгэвэр нэмэгдээгүй. Гэсэн ч энэ цаг үед үхрийн ясгүй махны үнэ кг нь дунджаар 14.000 төгрөг болж өссөнөөр ахмадуудын худалдан авах чадвар буурч, сарын тэтгэвэр нь 21.3 кг махны үнэтэй тэнцдэг болов.
2022 онд олон жил нэмэгдээгүй байсан тэтгэврийн доод хэмжээг засгийн газрын шийдвэрээр 15-43 хувиар нэмж,  бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөгт хүргэсэн. Тухайн үеийн оны эцсийн тайлангаар үхрийн ясгүй махны үнэ дунджаар 15.622 төгрөг байсан тул ахмадууд шинэ тэтгэврээрээ сард 32 кг мах авах боломжтой болж, худалдан авах чадвар нь бага зэрэг нэмэгдсэн.  
2023 онд  тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоож, хуучин тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг бодитоор өсгөснөөс гадна нийт тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр доод тэтгэвэр 550.000 төгрөг болов. Гэсэн ч үхрийн ясгүй махны үнэ тухайн онд 18.216 төгрөгт хүрч өссөн тул ахмадуудын мах авах хэмжээ 30.1 кг руу бууж, тэтгэврийн нэмэгдэл инфляцын хурдад баригдаж эхэлсэн.
2024 онд тэтгэвэр авагч бүрийн тэтгэвэр дээр хувь харгалзахгүйгээр 100.000 төгрөгөөр жигд нэмж доод тэтгэвэр 650.000 төгрөгт хүрэв. Гэвч үхрийн ясгүй махны үнэ 2024 онд 20.399 төгрөг болсон бөгөөд үнийн өсөлт зогсолтгүй үргэлжлэв.
2025 онд тэтгэврийн доод хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нийт тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлж, доод тэтгэвэр 689,000 төгрөг болоход махны үнэ дунджаар 24.937 төгрөгт хүрч ахмадуудын сарын тэтгэвэр ердөө 27.6 кг махтай тэнцэж байжээ. Үүнээс харахад тэтгэвэр цаасан дээр нэмэгдэж байгаа ч худалдан авах чадвар нь жилээс жилд уруудсаар байв.
Өнөөдөр буюу 2026 оны 8-р сарын байдлаар бүрэн тэтгэврийн доод хэмжээ 769,000 төгрөгт хүрээд байна. Гэвч нийслэлийн статистикийн газрын яг одоогийн албан ёсны мэдээллээр үхрийн ясгүй махны үнэ дунджаар кг нь 38,504 төгрөгт хүрээд байна. Энэ нь өнөөдрийн 769.000 төгрөгийн тэтгэврээр ахмадууд ердөө 19.9 кг мах л авч хүрэхээр байгааг харуулж байгаа бөгөөд зургаан жилийн өмнөх 2020 оныхоос худалдан авах чадвар даруй 5.6 килограммаар буурсан гэсэн үг юм.
Энэ үед парламентаас Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, ахмадуудад ажилласан жилээс нь хамаарч 100.000-аас 300.000 төгрөгийн суурь тэтгэврийг шинээр нэмж олгохоор шийдвэрлэсэн. Хэрэв энэхүү хуулиар ахмадын тэтгэвэр дээр хамгийн дээд тал буюу 300,000 төгрөг нэмэгдэж, сарын тэтгэвэр нь 1,069,000 төгрөг болбол ахмадууд сард 27.7 кг ясгүй мах худалдан авах боломжтой болох юм. Энэхүү суурь тэтгэврийн шинэ нэмэгдэл нь 2020 оны цар тахлын үеийн бодит худалдан авах чадварын түвшинд бага зэрэг дөхөж очихоор байна. Үүнээс харахад тэтгэврийг хэд ч дахин нэмсэн зах зээл дээрх мах, гурил зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулж, үнийн өсөлтийг бодлогоор барихгүй бол тэтгэврийн дараагийн ямар ч нэмэгдэл үр дүнгүй болох эрсдэлтэй ажээ.