Засгийн газраас 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын 2026.08:31-ний хуралдаанаар 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Төсвийн тодотгол хийх гол шалтгаан нь энэ оны төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байгаа явдал юм. Тиймээс Засгийн газраас төрийн урсгал зардлыг 1.4 их наяд төгрөгөөр танаж, хэмнэсэн хөрөнгийг иргэдийн орлого, цалин, тэтгэвэр болон үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөжээ.

Энэ сарын байдлаар төсвийн орлого 2.4 их наяд төгрөгөөр тасарсан бол 7-р сарын эцсийн байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд, нийт зарлага 19.5 их наяд төгрөгт хүрч, алдагдал 2.2 их наяд төгрөг болсон байна. Иймд засгийн газраас танаж болох төрийн зардлыг танаж, үүнээс гарсан 1.4 их наяд төгрөгийг иргэдийн орлого, цалин, тэтгэвэр зэргээр үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээнд зарцуулна гэдгээ мэдэгдлээ. Мөн худалдан авах ажиллагаа хугацаандаа хийгдээгүй 252.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зогсоож, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг 1.6 их наяд төгрөгт хүргэхээр тооцсон байна.

Харин 2027 оны төсвийн гол зорилгыг ерөнхий сайд Н.Учрал “Монголын баялаг-монголчууддаа” гэж тодорхойлж, иргэдийн мөнгө, хувьцаа, орлого болон ирээдүйд чиглэсэн 9 шийдвэр танилцууллаа. Үүнд:

-Оюутолгойн ногдол ашгаа Монголд анх удаа авчирна. Дулааны IV цахилгаан станц, боловсруулах үйлдвэр, боловсролд зарцуулна. 

-“Эрдэнэс тавантолгой”-н 1072 хувьцааг иргэд өвлүүлэх, бэлэглэх, арилжих эрхтэй болно. 

-Цалингийн 792.000 төгрөг хүртэлх орлогод татвар авахгүй. Иргэдийн гарт 840 тэрбум төгрөг үлдэнэ.

-380.300 төгрөгийн тэтгэврийн нэмэгдэл. Дундаж тэтгэвэр ирэх онд 1,335,400 төгрөг болно. Ахмад настан ажил хийвэл 2027 оноос шимтгэлгүй. Оюутан ажил хийвэл 2028 оноос шимтгэлгүй.

-16000 орон сууцыг 6% зээл, түрээслээд өмчлөх нөхцлөөр борлуулна. Төрийн 4000 орон сууцны урьдчилгаа 30% биш 15% болно.

-"ДЦС-3"-ын дэргэд 300 мвт-ын "ДЦС-6" барина. "ДЦС-3"-ыг засварлан шинэчилж, гацаад байгаа 10 аймгийн ДЦС-г ашиглалтад оруулна.

-Гүүглийн компьютер 100.000, 100 ногоон сургууль, бүс бүрд Кембрижийн сургууль 2, нэг төрөлжсөн ахлах сургууль

-Гадаадын зээл, тусламжаар баригдаж буй 39, шинээр 34 эмнэлэг барина. Ахмад настан даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэ төлбөргүй авна.

-500 цахилгаан машин цэнэглэгч "Ногоон өртөө" байгуулна. Сэргээгдэх эрчим хүчний техник төхөөрөмжүүд, цахилгаан машин гааль, онцгой албан татвараас бүрэн чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.