ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ойрын хүрээллийнхэндээ “Хэрэв дайнд ялалт байгуулахгүй бол тэд намайг хороох болно” гэж хэлснийг Их Британийн Экономист сэтгүүлд мэдээллээ. Тэрээр дайныг дэмжигч Оросын хатуу чиг баримжаатай элитүүд болон үндсэрхэг үзэлтнүүдийн эсэргүүцлээс болгоомжилж байгаа бөгөөд Донбасын бүс нутгийг бүрэн эрхшээлдээ авахын тулд фронтын шугам руу нэмж 400 мянган цэрэг дайчлан илгээхээр бэлтгэж байна.
Өдгөө ОХУ-ын иргэдийн дунд урт хугацаанд сунжирч байгаа дайныг эсэргүүцэх хандлага өсөн нэмэгдэж байгаа нь олон нийтийн санал асуулгаар нотлогдсон юм. Мөн тэр дундаа ОХУ-ын улс төр, бизнесийн элитүүд цэргийн тусгай ажиллагаанд туйлын сэтгэл дундуур, ирээдүйдээ итгэлгүй байгааг Их Британийн Экономист сэтгүүлд онцлон бичжээ.
Нэрээ нууцалсан Оросын бизнесийн салбарын элит хамгийн том асуудал бол эдийн засаг эсвэл цэргийн ажиллагааны амжилтгүй байдал биш, харин дэмий үрсэн цаг хугацаа гэдгийг онцолжээ. Мөн дайны эцсийн үр дүн ямар ч байсан, бараг таван жил үргэлжилсэн энэхүү тулаан оросын хувьд тэр чигтээ бүтэлгүйтэл бөгөөд элитүүд "Хаан нүцгэн байна" гэж шивэр авир ярих болсныг тэрээр уламжилсан байна.
Нөгөөтэйгүүр, Оросын эрх баригчид дайныг яг энэ хэвээр нь зөнд нь орхиж, үргэлжлүүлж зүрхлэхгүй байгаа төдийгүй "Инерциэрээ буюу урсгалаараа үргэлжлэх хувилбар" нь Кремлийн хувьд маш ашиггүй, аюултай бөгөөд нөхцөл байдал улам дордоно гэсэн үг гэж эх сурвалж хэллээ. Үүнтэй холбоотойгоор Оросын эдийн засгийн нөөц баялаг өдөр хоногоор шавхагдаж, Путины улс төрийн нөлөө, нэр хүнд уруудаж байгааг ч онцолжээ. Харин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин уг мухардлаас гарахын тулд дайныг улам өргөжүүлж болзошгүйг шинжээчид анхаарууллаа.