БНСУ-ын экспорт 15 сар дараалан өсөж, зөвхөн өнгөрсөн 8-р сард 98 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн ОУ-ын зах зээлд нийлүүлжээ

Дэлхийн технологийн салбар дахь эрэлт хэрэгцээний  үр дүнд азийн дөрөв дэх том эдийн засагтай  БНСУ-ын экспорт эрчимтэй өссөөр байна. Тус улсын экспорт өнгөрсөн 8-р сард өмнөх оны мөн үеэс 68.7 хувиар өсөж, өсөлтийн хурдаа 15 дахь сардаа дараалан хадгаллаа. 

БНСУ зөвхөн 8-р сард 98 тэрбум 260 сая ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүн экспортлосон бөгөөд хоногийн дундаж экспортын хэмжээ нь 72.5 хувиар өссөн. Уг огцом өсөлтөд чип буюу хагас дамжуулагчийн борлуулалт голлон нөлөөлсөн бөгөөд Гүүгл, Амазон зэрэг технологийн гигантуудын өндөр эрэлтээс шалтгаалж чипний экспорт өмнөх оныхоос даруй 209 хувиар тэлж, 46 тэрбум 650 сая ам.доллар буюу түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байна. Мөн компьютер болон дагалдах хэрэгслийн экспорт тав дахин өсжээ. Харин автомашины экспорт хэсэгчилсэн ажил хаялтаас шалтгаалж 29.8 хувиар буурсан байна.

Тэгвэл Өмнөд Солонгосын БНХАУ руу хийсэн экспорт 119.3 хувиар, АНУ руу хийсэн экспорт 89.3 хувиар тус тус өссөн. Түүнчлэн тус улсын импорт 22.5 хувиар нэмэгдсэн бөгөөд үр дүнд нь гадаад худалдааны тэнцэл 34 тэрбум 750 сая ам.долларын ашигтай гарчээ. Экспортын энэхүү хүчтэй гүйцэтгэл нь Өмнөд Солонгосын төв банкны мөнгөний хатуу бодлогыг дэмжиж байгаа бөгөөд төв банк тус улсын 2026 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2.6 хувиас 3.3 хувь болгон ахиулж өөрчилсөн байна.