2018 оноос хойш өнөөдрийг хүртэл үргэлжилж буй эмээлт өртөөний сургуулийн барилга ашиглалтад ороогүй байна. Салбар яамнаас энэ жил сургуулиудын барилгын ажлыг эрчимжүүлж, сурагчдыг 3 ээлжээр хичээллүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан. Гэвч бодит байдал дээр жил дамнан сунжирсан сургуулийн барилга, өргөтгөлийн ажлууд бүрэн дуусаагүй нь тулгамдсан асуудал хэвээр байна.
Энэ жилийн хувьд салбар яамнаас баримталж буй гол чиглэл нь Ерөнхий Боловсролын Сургуулиудын барилга, өргөтгөлийн ажлыг эрчимтэй дуусгах, улмаар хүүхдүүдийг гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх, сургалтын чанарыг тэгш хүртээмжтэй болгоход чиглэн ажиллаж байгаа юм байна. Харин эцэг эх асран хамгаалагчдын зүгээс хамгийн их хүлээлттэй байдаг зүйл нь 3 ээлжээр хичээллэх эсэх асуудал. Тэдний зүгээс хүүхэд гурван ээлжээр хичээллэх нь хэт оройтож харих, ядаргаанд орох, аюулгүй байдал нь алдагдах зэрэг олон сөрөг үр дагавартайг хэлж байсан юм.
Хичээлийн шинэ жилийн баярын уур амьсгалын цаана, шийдэгдээгүй урт хугацааны асуудлууд байсаар байна. Тухайлбал жил дамнан сунжирсан барилгын ажил, санхүүжилтийн гацалт, гүйцэтгэгч компаниудын хариуцлагагүй байдлаас шалтгаалан өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй сургуулийн барилгууд цөөнгүй байна. Жишээ дурдвал СХД-ийн 32-р хороо эмээлт өртөөнд 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгын ажлыг 2018 онд Фүжи Алтай компани эхлүүлсэн ч өнөөг хүртэл ашиглалтад ороогүй шүүхийн маргаантай байгаа бөгөөд шүүхээс эцэслэн шийдвэрлэсний дараа сургуулийн барилгын ажил эхлэх хүлээлттэй 6 жилийн нүүрийг үзэж байна.
Улсын төсвийн санхүүжилтээр сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэхээр тендерт шалгарсан хувийн хэвшлийн компаниуд хугацаа хожих, зардлаа хэмнэх зорилгоор ажлаа удаашруулж, жил дамнуулан сунжирсаар байгаа нь сурагчдын эрхийг ноцтой зөрчиж буйн нэг хэлбэр юм. үүний зэрэгцээ гүйцэтгэгч компаниудад өдөр тутам хяналт тавьж, шахаж ажиллах үүрэгтэй Боловсролын Ерөнхий Газар, Хот Байгуулалт, Барилгын Хөгжлийн Газар болон холбогдох яамдын хяналт шинжилгээ, үнэлгээний газар зэрэг төрийн байгууллагууд үүргээ хангалтгүй биелүүлж байгааг жил дамнан хүлээгдэж буй хоосон барилгууд бэлхнээ гэрчилж байна. Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, хугацаа хэтрүүлсэн компаниудад хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох, хар жагсаалтад оруулах, тендерт оролцох эрхийг нь хасах зэргээр дорвитой арга хэмжээ аваагүй үр дагаврыг өнөөдөр хүүхдүүд амсаж байна.