Улсын  эмнэлгүүдээр үйлчлүүлсэн иргэдэд авто зогсоолын эхний 2 цагийг үнэ төлбөргүй болгожээ

Иргэд эрүүл мэндийн байгууллагаар оношлогоо, шинжилгээ хийлгэж, эмчийн үзлэгт орохын тулд хагас өдөр, заримдаа бүтэн өдрөөр урт дараалалд зогсдог. Гэтэл энэ хугацаанд гадаах зогсоолын төлбөр өндөр бодогддог нь иргэдийн бухимдлыг төрүүлсээр ирсэн.  Тэгвэл Эрүүл Мэндийн Яамнаас харьяа төрийн өмчийн бүх эмнэлгийн зогсоолын эхний 2 цагийг эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдэд үнэ төлбөргүй байлгах зохицуулалтыг хийжээ. Ингэснээр иргэд өвчтөний карт болон эмнэлгийн үзлэг, үйлчилгээний цаг авсан баримтаа үзүүлэн зогсоолын төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна. 

Иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахдаа автомашинаа зориулалтын зогсоолд байрлуулсан бол эмчид үзүүлсэн, шинжилгээ өгсөн болон бусад үйлчилгээ авсан баримтаа зогсоолын ажилтанд үзүүлж, хөнгөлөлт эдлэх юм. Ингэснээр эхний 2 цагийн зогсоолын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөх боломжтой болжээ. Төрийн өмчийн эмнэлгүүдээр өдөр бүр олон тооны иргэд үйлчлүүлдэг бөгөөд тэдний ихэнх нь яаралтай тусламж болон урьдчилан товлосон үзлэг, оношилгоонд хамрагдахын тулд хувийн автомашинаа ашигладаг. Гэвч эмнэлгээр богино хугацаанд үйлчлүүлээд гарахдаа зогсоолын төлбөр төлөх нь иргэдийн хувьд санхүүгийн болон цаг хугацааны томоохон хүндрэл үүсгэж, шүүмжлэл дагуулсаар ирсэн юм. Тиймээс иргэдийн санал хүсэлт, бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, ийнхүү төрийн өмчийн эмнэлгийн зогсоолын эхний 2 цагийг төлбөргүй болгох шийдвэрийг гаргажээ.

Хэдийгээр эхний 2 цагийг ийнхүү  үнэ төлбөргүй болгосон ч хэвтэн эмчлүүлэх, мэс засал болон удаан хугацааны тусламж, үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд энэ хугацаа хангалтгүй байгаа юм. Тиймээс үзүүлж буй тусламж, үйлчилгээний төрлийг харгалзан үзэж, чөлөөлөх хугацааг бүтэн өдрөөр сунгах эсвэл дараах цагуудын төлбөрийг бууруулах нь иргэдийн амьдралд илүү өгөөжтэй, ээлтэй шийдвэр болно гэж үйлчлүүлэгчид үзэж байна. учир нь иргэд эм тариа авах, оношилгоо, эмчилгээ хийлгэх зэрэгт багагүй зардал гаргадаг тул зогсоолын төлбөрийг давхар төлөх нь хүндрэлтэй байдаг гэдгийг хэлж байлаа.

Түүнчлэн зарим иргэд улсын эмнэлгүүдийн зогсоолыг үнэ төлбөргүй болгох шаардлага тавьдаг ч энэ нь эмнэлгийн үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулдаг байна. Тухайлбал, зогсоол төлбөргүй болсноор ойр орчмын оршин суугчид автомашинаа удаан хугацаагаар байрлуулж, эмнэлэгт иргэд нэвтрэх боломжгүй нөхцөл үүсдэг байна. Тиймээс цаашид одоо хэрэгжиж буй 2 цагийн хөнгөлөлтийг улам сайжруулж эмнэлгийн тусламж авсан цаг хугацаатай нь уялдуулж ажиллах нь иргэдэд учрах санхүүгийн дарамтыг багасгана гэдгийг хэлж байсан юм.