Нийслэлийн 21 байршилд “Хотхоны бага сургууль” ажиллуулж, 10 мянга орчим хүүхдийг хамруулахаар төлөвлөжээ

2026–2027 оны хичээлийн шинэ жил эхэлж, Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиуд хичээл сургалтын үйл ажиллагаагаа нээлээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 422 мянга гаруй сурагч суралцахаар байна. Гэвч өнөөгийн байдлаар хүртээмж хангалтгүй тул зарим сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор “Хотхоны бага сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. 

Хотхоны бага сургууль хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн төвийн дүүргүүдэд Ерөнхий Боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн зориулалттай зарим барилгыг бага ангийн сургалтын байр болгон ашиглаж байна. Урьдчилсан байдлаар нийслэлийн 21 байршилд “Хотхоны бага сургууль” ажиллуулж, 10 мянга орчим хүүхдийг хамруулахаар төлөвлөжээ. Тус зохион байгуулалтаар 1, 2 дугаар ангийн сурагчдыг үндсэн сургуулийн ойролцоох нэмэлт сургалтын байршилд хуваарилж, үндсэн сургуулийн хэт ачааллыг бууруулах боломж бүрдэж байгаа юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах 14 дүгээр сургууль “Хотхоны бага сургууль”-ийн зохион байгуулалтад хамрагдсан байна. Тус байршилд 14 дүгээр сургуулийн харьяа 1 дүгээр ангийн 8 бүлэг хичээллэх бөгөөд нийслэлээс 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, сургалтын орчныг бүрдүүлжээ.

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 14 дүгээр сургууль энэ хичээлийн жилд нийтдээ 156 бүлэгт 6800 гаруй сурагчтайгаар хичээл сургалтаа эхлүүлж байна. Үүнээс 1 дүгээр ангид л гэхэд 8 бүлэг 260 гаруй хүүхэд шинээр элссэн бол тухайн дүүргийн хүн амын шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалан 300 орчим сурагч шинээр шилжин ирж суралцаж байна. Гэвч тус сургууль нийт 1820 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд үндсэн а, б байртай хэдий ч өнөөдрийн байдлаар 6800 гаруй сурагч хүлээн авч, хүчин чадлаасаа 4–5 дахин давсан ачаалалтай ажиллаж байна. Энэ нь зөвхөн энэ хичээлийн жилд бий болсон нөхцөл биш бөгөөд өмнөх жилүүдэд ч сурагчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор хүүхдүүдийг үндсэн байрнаас гадна өөр сургуулийн өргөтгөл болон бусад байршилд хуваарилан хичээллүүлэх шаардлага гарч байжээ.

Тиймээс нийслэлийн хэмжээнд ачаалал өндөртэй 20 сургуулийн нөхцөл байдлыг бууруулах зорилгоор “Хотхоны бага сургууль”-ийн зохион байгуулалтыг эхлүүлж байгаа юм. Ингэснээр багш, ажилчдын ажлын ачааллыг бууруулахаас гадна багш нар сурагч бүртэй тулж ажиллах, хүүхдүүд илүү хүртээмжтэй, аюулгүй орчинд суралцах боломж бүрдэх ач холбогдолтой гэж үзэж байна.