Улс төрийн намын 2025 оны санхүүжилтийн зарцуулалтад хийсэн аудитаар нийт 191.5 сая төгрөгийн зөрчил илэрчээ

УИХ-ын сонгуулиар нийт сонгогчдын 1 хувиас дээш санал авсан улс төрийн намуудад хуулийн дагуу төрөөс санхүүжилт олгодог. Үүний дагуу хуульд заасан шаардлага хангасан улс төрийн 7 нам, эвсэлд 2025 онд төрөөс нийт 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Тэгвэл үндэсний аудитын газраас уг санхүүжилтийн зарцуулалтад аудит хийсэн бөгөөд зориулалтын бусаар зарцуулсан зөрчлүүд, тухайлбал, баримтгүй гүйлгээ хийсэн, бэлэг дурсгал болон урлаг, соёлын арга хэмжээнд зарцуулсан зэрэг зөрчил илэрчээ. 

Өнгөрсөн оны санхүүжилтээр МАН 2.8 тэрбум, АН 2.1 тэрбум, Хүн нам 994 сая, ИЗНН 455  сая, Шинэ нам 312 сая, Монголын Ногоон нам 176 сая, Монголын Үндэсний Ардчилсан нам 24 сая төгрөг тус тус авсан байна.

Тэгвэл Үндэсний аудитын газраас санхүүжилтийн зарцуулалтад  хийсэн аудитаар нийт 191.5 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан зөрчил илэрчээ. 

Үүнд, МАН 52 сая, Монголын Үндэсний Ардчилсан нам 24 сая, ИЗНН 10 сая төгрөгийн анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэж, тайлагнасан байна. Харин Монголын Ногоон нам сургалт, медиа контентын зардалд 61 сая төгрөг шилжүүлсэн боловч гэрээний хэрэгжилт хангагдаагүй бол Хүн нам бэлэг дурсгал, урлаг соёлын арга хэмжээнд 44 сая төгрөг зарцуулсан нь зориулалтын бус зардалд тооцогджээ.

Мөн төрийн санхүүжилтийн зарцуулалтыг харвал МАН 50 хувь, АН 65 хувь, Хүн нам 50 хувь, ИЗНН 50 хувь, Шинэ нам 66 хувь, Монголын Ногоон нам 55 хувь, МҮАН 56 хувийг хуульд заасан үндсэн зориулалтаар нь тус тус зарцуулсан байна.

Улс төрийн намын тухай хуульд төрийн санхүүжилтийн 20-иос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгийн улс төрийн оролцоог дэмжихэд, 15-аас доошгүй хувийг улс төрийн боловсрол, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлсийг таниулахад, мөн 15-аас доошгүй хувийг намын бодлого, хөтөлбөр боловсруулах судалгаа, төсөл болон дотоод ардчиллыг хөгжүүлэхэд зарцуулахаар заасан байдаг. Тэгвэл 7 нам нийлээд 2025 оны санхүүжилтээс эдгээр зориулалтад 3.87 тэрбум төгрөг буюу нийт санхүүжилтийн 55.6 хувийг зарцуулжээ. Гэхдээ АН дээрх хоёр зориулалтад 14.4 хувиар, ИЗНН эхний зориулалтад 13.4 хувиар зарцуулж, хуульд заасан доод хэмжээнд хүрээгүй байна.

Мөн намууд төрийн санхүүжилтээс 3.08 тэрбум төгрөг буюу 44.4 хувийг ажилтны цалин, түрээс, холбоо, томилолт, зөвлөх үйлчилгээ зэрэг үйл ажиллагааны зардалд зарцуулжээ. 

Үүнээс МАН 1.41 тэрбум, АН 758.4 сая, Хүн нам 493.7 сая, ИЗНН 225.4 сая, Шинэ нам 107.6 сая, Монголын Ногоон нам 79.4 сая, МҮАН 10.8 сая төгрөгийг үйл ажиллагааны зардалд зарцуулсан байна  үүнээс харахад иргэдийг төлөөлж буй шийдвэр гаргагчид төрөөс санхүүжүүлж буй мөнгийг зорилтод ажилдаа зарцуулах бус намынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулсан нь хуулиар хүлээсэн нийгмийн үүргээ дутуу биелүүлж байгааг харуулж байна.  Мөн аудитаар мөн намууд төрийн санхүүжилтийг бусад орлогын эх үүсвэрээс тусад нь тайлагнадаггүй, зарцуулалт болон тайлагналын шалгуур тодорхой бус, шилэн дансны мэдээллийг хуульд заасан хэмжээнд ил тод мэдээлдэггүй зэрэг асуудал байгааг тогтоожээ.

Харин иргэдийн зүгээс улс төрийн нам, эвсэл төрөөс олгосон санхүүжилтийг үр дүнгүй зарцуулж байгаад бухимдалтай хандаж байна. Иймээс төрийн мөнгийг зориулалтын дагуу зарцуулах, анхан шатны баримтаар баталгаажуулах, санхүүгийн тайланд бүрэн тусгах, төрөөс авсан санхүүжилтийг бусад орлогоос тусад нь тайлагнах, шилэн дансаар олон нийтэд ил тод мэдээлэх чиглэлээр холбогдох байгууллага болон улс төрийн намуудад зөвлөмж хүргүүлсэн байна.