Ирэх онд 14 мянган өрхийг ипотекийн 6 хувийн зээлд, 2 мянган өрхийг түрээслээд өмчлөх хөтөлбөрт хамруулна

Өнгөрөгч 8-р сарын 31-ны өдөр ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсөвт тусгасан 9 шийдвэрээ танилцуулсан. Эдгээр шийдвэрийн хүрээнд ирэх онд 16 мянган өрхийг орон сууцтай болгохоор төлөвлөснөөс 14 мянган өрхийг ипотекийн зээлд хамруулан, урьдчилгаа төлбөрийн 30 хувийг 15 хувь болгон бууруулах юм байна. Тэгвэл ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон сууцны нийлүүлэлт хангалттай хэмжээнд өсөхгүй бол байрны үнэ өсөх, өрхийн өрийн дарамт нэмэгдэх эрсдэлтэй гэдгийг эдийн засагч онцолж байна.

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсвийн төсөлд тусгасан иргэдэд чиглэсэн есөн шийдвэрээ танилцуулсан. Үүний нэг нь ирэх онд нийт 16 мянган өрхийг орон сууцтай болгох шийдвэр бөгөөд 14 мянган өрхийг ипотекийн 6 хувийн зээлд, 2 мянган өрхийг түрээслээд өмчлөх хөтөлбөрт хамруулахаар төлөвлөжээ. Мөн төрөөс барьж буй 4 мянган орон сууцны урьдчилгаа төлбөрийг 30 хувиас 15 хувь болгон бууруулахаар болсон байна. 

Тэгвэл өнөөгийн байдлаар улсын хэмжээнд ипотекийн зээлтэй 136.5 мянган иргэн байна. Үүн дээр ирэх онд 14 мянган өрхөөр нэмэгдүүлбэл энэ тоо 150.5 мянгад хүрнэ. Өөрөөр хэлбэл ипотекийн зээлд хамрагдагчдын тоо түүхэндээ анх удаа 150 мянгыг давах боломжтой болж байна. Энэ нь өмнөх жилүүдийн өсөлтөөс ч өндөр үзүүлэлт юм. Тухайлбал 2018 оноос хойш ипотекийн зээлдэгчдийн тоо жилд дунджаар 4.8 хувиар нэмэгдэж байсан бол ирэх онд одоогийн зээлдэгчдийн тооноос тооцоход 10.3 хувиар өсөх тооцоо гарч байна. Хэдийгээр ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь иргэдийн орон сууцтай болох боломжийг нэмэгдүүлэх эерэг талтай ч үүнийг орон сууцны нийлүүлэлттэй зэрэгцүүлж хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг эдийн засагч хэллээ. 

Ипотекийн зээл авах боломжтой иргэдийн тоо огцом нэмэгдэхэд шинэ орон сууцны нийлүүлэлт дагаж өсөхгүй бол эрэлт нэмэгдэж, улмаар байрны үнэ өсөх эрсдэлтэй юм. Нийт ипотекийн зээлдэгчдийн 73.6 хувь нь нийслэлд төвлөрч байгаа бөгөөд 2022 оноос хойш нийслэлийн шинэ орон сууцны үнэ 46.9 хувиар өссөн байна. Харин нэг зээлдэгчид ногдох ипотекийн зээлийн үлдэгдэл энэ хугацаанд 59.2 хувиар нэмэгджээ. Хэрэв ипотекийн урьдчилгааг 30 хувиас 15 хувь болгох нь нэг талаараа иргэдийн эхний төлбөрийн дарамтыг бууруулах боломжтой. Гэвч нөгөө талдаа зээлээр авах дүн нэмэгдэж, өрхийн урт хугацааны өрийн ачаалал өсөх боломжтой байна.

Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь өөрөө буруу бодлого биш. Харин эрэлтэд мөнгө нийлүүлэхийн зэрэгцээ нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй бол төрөөс өгсөн дэмжлэгийн тодорхой хэсэг нь байр худалдан авагчид бус, харин орон сууцны үнийн өсөлтөд шингэх эрсдэлтэй гэдгийг эдийн засагч онцлов.