Багш, эмч нарын цалингийн нэмэгдлийг улсын төсөвт бүрэн тусгаагүйгээс тохиролцсон хэмжээнд цалинг нэмэхгүй байна

Өнгөрсөн онд боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнууд цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлага тавьж, ажил хаялт, тэмцлийн хөдөлгөөн өрнүүлснээр Засгийн газар болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд тодорхой тохиролцоонд хүрсэн.  Үүний үр дүнд эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнуудын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Гэвч уг тохиролцоонд заасан цалингийн нэмэгдэл өдгөөг хүртэл бүрэн хэрэгжээгүй байгаа нь багш, эмч нарын цалингийн нэмэгдлийг улсын төсөвт бүрэн тусгаагүй байгаатай холбоотой гэж монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээллээ.

Өнгөрөгч 2025 оны намар МҮЭХ, харьяа яам болоод холбогдох байгууллагуудын хамтын хэлэлцээрээр боловсролын салбарын ажилтнуудын цалинг 2026 оны 1-р сарын 1-ээс 50 хувиар, 11-р сарын 1-ээс дахин 25 хувиар нэмэгдүүлж, нийт 75 хувийн өсөлтөд хүргэхээр тохирсон. Харин эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 1-р сарын 1-ээс 30 хувиар нэмэгдүүлж, 8-р сарын 1-ээс тухайн оныг дуустал сар бүр 9 хувиар нэмэгдүүлэхээр тохиролцжээ.  Гэвч эдгээр тохиролцоог хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт бүрэн тусгаагүйгээс цалинг тохирсон хэмжээнд хүргэх асуудал үүсээд байгааг МҮЭХ-оос онцоллоо. 

Түүнчлэн өнгөрсөн 5-р сард боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, ойрын хоёр жилийн хугацаанд цалин хөлс, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлаар тохиролцсон ч уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх хэмжээний санхүүжилтийг төсөвт тусгах шаардлагатай байгаа аж. Тиймээс 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны улсын төсөвт дээрх тохиролцоог бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг суулгах, мөн салбарын хамтын ажиллагааны хэлэлцээрт туссан ажилчдын эрх ашиг, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгаатай холбоотой зардлыг төсөвт тусгахыг үйлдвэрчний эвлэлээс шаардаж байна. 

Салбарын яамд улсын хэмжээний хэлэлцээр, төсвийн саналыг засгийн газарт хүргүүлэхээс өмнө тухайн салбарын үйлдвэрчний эвлэлтэй зөвшилцөх ёстой боловч энэ үйл явц хангалтгүй байгааг МҮЭХ шүүмжиллээ. Иймд хэлэлцээрийн асуудлыг хойшлуулахгүйгээр шийдвэрлэж, 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс гуравдугаар сарын 5-ны хооронд салбарын хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийг эцэслэн байгуулах шаардлага тавьж байна. Түүнчлэн МҮЭХ-оос дээрх асуудлыг зөвшилцөл, хамтын ажиллагааны замаар шийдвэрлэхийг зорьж байгаа ч хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахгүй, салбарын үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажиллахгүй бол дахин тэмцлийн хөдөлгөөн зохион байгуулахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.