БНХАУ-ын эрчим хүчний салбарт томоохон эргэлт гарч, нарны эрчим хүчинд суурилагдсан хүчин чадал түүхэндээ анх удаа нүүрсний хүчин чадлыг гүйцэж, тус улсын хамгийн том эрчим хүчний эх үүсвэр болжээ. Нарны эрчим хүчинд суурилагдсан хүчин чадал 1286 гигаваттад хүрч, тус улсын нийт цахилгааны эх үүсвэрийн 31.5 хувийг эзлэх болсон байна.
Хятад улсын цахилгаан эрчим хүчний салбар үүсэж хөгжсөн зуу гаруй жилийн түүхэнд нүүрс нь хамгийн том эх үүсвэр байсаар ирсэн ч өдгөө уламжлалт бүтэц ийнхүү өөрчлөгдөж, шилжилт эрчимжлээ” гэж тус улсын үндэсний эрчим хүчний газраас мэдэгджээ.
Саяхан хятад улсын засгийн газраас цахилгаан, эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний эзлэх хувь анх удаа 50 хувиас доош орж буурсныг харуулсан албан ёсны мэдээллийг танилцуулсан юм. Харин уг мэдэгдлийн дараа дэд бүтцийн салбарт гарсан түүхэн амжилтыг онцлон тэмдэглэсэн байна.
Хятад улсын нарны эрчим хүчинд суурилагдсан хүчин чадал түүхэн дээд хэмжээндээ хүрсэн ч өнгөрсөн 7-р сарын байдлаар нарны эрчим хүчний бодит үйлдвэрлэл тус улсын нийт цахилгаан хэрэглээний ердөө 13 хувийг бүрдүүлжээ. Нарны эрчим хүчний хүчин чадал өссөн хэдий ч бодит хэрэглээнд эзлэх хувь хэмжээ харьцангуй бага хэвээр байна. Энэ оны эхний долоон сарын хугацаанд хятад улс 802.4 тэрбум киловатт/цаг нарны цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
Сүүлийн жилүүдэд нар болон салхины эрчим хүчний асар их хүчин чадал бүхий станцууд ашиглалтад орж байгаа тул БНХАУ цахилгаан дамжуулах сүлжээнийхээ шинэчлэлийг улам хурдасгаж байна. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа урсгалыг найдвартай уялдуулах чадвартай, өөрсдийнх нь тодорхойлсноор “шинэ төрлийн эрчим хүчний систем” бий болох боломжтой гэж үзэж байна.