Энэ жил Украин улс түүхэндээ анх удаа Киргизстан улсаас цөөн хүүхэд өлгийдөн авах төлөвтэй байна. Энэ нь ЗХУ задрах үед Украины шинээр мэндэлсэн хүүхдийн тоо Киргиз улсынхаас тав дахин их байсан үетэй харьцуулахад өдгөө нөхцөл байдал бүхэлдээ урвуугаар эргэснийг харуулж байна.
2022 онд дайн эхэлснээс хойш Украин улсын хүн ам зүйн хямрал гүнзгийрч, өдгөө нэг төрөлт тутамд гурван нас баралт оногдож байгаа нь дэлхий дахинд сүүл мушгих үзүүлэлт болж байна.
2026 онд Украин улсад 142 мянга орчим шинэ төрөлт, харин Киргиз улсад 145 мянга гаруй шинэ төрөлт бүртгэгдэх тооцооллыг хиймэл оюунд суурилсан супер компьютер хийсэн байна.
Энэ нь ЗХУ-ын задралаас хойш тэнгэр газар шиг зөрүүтэй байсан хоёр улсын төрөлтийн түвшин статистикийн хувьд бараг л ижилхэн болж ирэхийг харуулж байна. 1950 онд Украин улс дахь шинэ төрөлт Киргизийнхээс бараг 15 дахин их байсан бол саяхныг хүртэл буюу 1991 онд 5 дахин их хэвээр байсан юм. Харин 4 жилийн өмнө дайн эхэлсний дараагаас хамгийн түрүүнд хүүхэд төрүүлэх насны буюу 18-35 насны сая сая залуу бүсгүйчүүд хүүхдүүдийнхээ хамт европын холбооны орнууд руу дүрвэж эхэлсэн. Дайны өмнө 50 орчим сая хүн амтай байсан Украин улсын 6 сая гаруй иргэн хилийн чанад руу дүрвэсэн бөгөөд тэдгээр дүрвэгчийн 90 гаруй хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд байгааг НҮБ-ын тайланд дурджээ.
Түүнчлэн Украины 4 сая орчим иргэн улс дотроо дүрвэж, дийлэнх нь төрсөн гэр орноо орхин амьдралаа шинээр төвхнүүлэхэд хүрч байна. Украин залуусын ирээдүйдээ итгэх итгэл буурч, сэтгэл зүйн дарамт, айдсаас үүдэлтэйгээр төрөлт буурч байгаа юм байна.
Украины төрөлтийн коэффициент буюу нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо 0.7-0.8 хооронд хэлбэлзэж байгаа БНСУ-ын тааруу үзүүлэлттэй ижил буйг харуулж байна.