“BLAST Premier Open Ulaanbaatar” тэмцээн ирэх оны 5-р сарын 10-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана

Дэлхийн хамгийн нэр хүндтэй цахим спортын тэмцээнүүдийн нэг болох Counter-Strike 2 буюу CS2-ын BLAST Premier Open тэмцээн 2027 онд анх удаа манай улсад зохион байгуулагдахаар боллоо.  Тус тэмцээнд Counter-Strike 2-ын дэлхийн шилдэг 16 баг оролцох бөгөөд нийт 1.2 сая ам.долларын шагналын төлөө өрсөлдөх юм. BLAST байгууллага манай улсыг сонгосон шалтгаанаа Counter-Strike-ийг идэвхтэй дэмждэг олон мянган хөгжөөн дэмжигч, The Mongolz багийн олон улсын амжилт, цахим спортын тэмцээн зохион байгуулах туршлага болон Улаанбаатарын дэд бүтэцтэй холбон тайлбарлалаа.

Пкж: BLAST Premier Open Уlaanbaatar тэмцээн ирэх оны 5-р сарын 10-23-ны өдрүүдэд манай улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, дэлхийн шилдэг 16 баг нийт санхүүжилтийн сангийн 1.25 сая ам.долларын төлөө өрсөлдөхөөр болжээ. Counter-Strike 2 нь дэлхий даяар сая сая тоглогч, үзэгчтэй, багийн тактик, ур чадварт тулгуурласан цахим спортын тоглоом бөгөөд BLAST Premier нь тус тоглоомын мэргэжлийн түвшний хамгийн том тэмцээний цувралуудын нэг юм. Харин ийнхүү дэлхийн хэмжээний тэмцээн манай улсад зохион байгуулагдах нь дотоодын цахим спортын хөгжил болоод тоглогчид болон хөгжөөн дэмжигчдийн хувьд онцлох үйл явдал болж байна. Монголын Counter-Strike-ийн нэр хүндийг дэлхийд таниулсан томоохон үйл явдлын нэг нь The Mongolz багийн амжилт юм. Тус баг 2025 оны BLAST.tv Austin Major тэмцээний финалд шалгарч, Team Vitality багт ялагдан дэд байр эзэлсэн нь монголын цахим спортын түүхэн амжилтуудын нэг болсон.

Бүсийн онлайн сонгон шалгаруулалт дөрөвдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд болох бөгөөд азийн бүсийн тэмцээн найман багийн GSL форматаар зохион байгуулагдана. Урилгаар оролцох багуудыг 2027 оны 3-р сарын 1-ний VRS чансааг үндэслэн гуравдугаар сарын 2-нд тодруулах юм. BLAST байгууллага манай улсыг сонгох болсон шалтгаанаа сүүлийн жилүүдэд тус улсын Counter-Strike-ийн дэлхийн тавцанд эзлэх байр суурь эрс нэмэгдсэнтэй холбон тайлбарласан байна. Тэр дундаа монголын мэргэжлийн баг болох Mongolz-ын олон улсын амжилт, тоглолтыг идэвхтэй дагадаг хөгжөөн дэмжигчдийн тоо нэмэгдэж байгаа нь анхаарал татжээ.

Бид Монголыг сонгохдоо хамгийн түрүүнд Counter-Strike-ийг үнэхээр сэтгэлээсээ дэмждэг фэнүүдийг нь харсан. Энд хүмүүс мянга мянгаараа тоглолт үзэж, багуудаа маш идэвхтэй дэмждэг. Мэдээж The Mongolz баг дэлхийн Counter-Strike-ийн тавцанд сүүлийн үед гайхалтай амжилт үзүүлж байгаа нь монголыг сонгоход чухал нөлөө үзүүлсэн. Үүнээс гадна Улаанбаатар бол олон улсын томоохон арга хэмжээ зохион байгуулах боломжтой хот. Монгол улс цахим спортын тэмцээн зохион байгуулах туршлагатай, монголын цахим спортын холбоо үндэсний хэмжээний олон тэмцээнийг амжилттай зохион байгуулж ирсэн. Энэ туршлагаа олон улсын түвшинд гаргаж чадна гэдэгт бид итгэж байгаа. Мөн хотын дэд бүтэц, тэмцээн зохион байгуулах орчин нь бидний шаардлагад нийцэж байгаа. Тиймээс дэлхийн хэмжээний BLAST тэмцээнийг Монголд авчрах нь бидний хувьд маш зөв сонголт гэж үзэж байна. 

2 долоо хоног үргэлжлэх LAN тэмцээнд оролцох 16 багийн 11 нь дэлхийн VRS буюу Valve Regional Standings чансааны урилгаар шалгарах бол үлдсэн 5 баг бүсийн сонгон шалгаруулалтаар эрхээ авах юм байна. Түүнчлэн манай улсад дээрх тэмцээнийг зохион байгуулахтай холбоотойгоор азийн бүсэд нэмэлт эрх олгож, тус бүсээс хоёр баг үндсэн тэмцээнд шалгарах боломжтой болжээ. Ингэснээр монголын хоёр ч баг азийн сонгон шалгаруулалтаар дамжин дэлхийн шилдэг багуудтай Улаанбаатарын тайзнаа өрсөлдөх боломжтой юм. Тэмцээний нийт санхүүгийн сан 1.25 сая ам.доллар бөгөөд үүнээс 500 мянган ам.доллар нь шагналын мөнгө, 750 мянган ам.доллар нь оролцож буй багуудад хуваарилагдах санхүүжилт байна. Мөн BLAST-ийн шинэ acceptance fee буюу оролцооны төлбөрийн тогтолцооны хүрээнд урилгаар оролцох багуудад нэмэлт санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ.

Ийнхүү дэлхийн шилдэг багуудын тоглолтыг ихэвчлэн дэлгэцээр, зарим тохиолдолд шөнийн цагаар үзэж ирсэн манай улсын хөгжөөн дэмжигчид ирэх онд дэлхийн хэмжээний CS2 тэмцээнийг эх орондоо шууд үзэх боломжтой болох нь.