Манай улсын хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийн зөрүү улам тэлж, дотоодын аж ахуйн нэгжүүдэд боловсон хүчний хомсдол үүссэнийг албаны эх сурвалжууд мэдээлж байна. Судалгаагаар дотоодын зах зээлд жил бүр 80-110 мянга гаруй ажиллах хүчний бодит эрэлт үүсдэг бол нөгөө талд их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагыг 30 мянга орчим оюутан залуус л төгсөж ажил хөдөлмөр эрхэлж байна. Хэдийгээр залууст эх орондоо ажиллаж, хөдөлмөр эрхлэх боломж, сонголт өмнөх жилүүдээс харьцангуй нэмэгдэж, ажлын байрны хүртээмж өссөн ч шинэ төгсөгчдийн шилжилт хөдөлгөөн буурахгүй байна. Тухайлбал цалин хангалтгүй, ажлын цаг хэт урт бөгөөд ачаалал их байдаг нь гол хүндрэл болдог тул залуучууд ажил эрхлэх, мэргэжил дээшлүүлэх зорилгоор хилийн чанад руу явсаар байна.
Монгол улсын ажиллах хүчнээс гадуурх хүн ам буюу эдийн засгийн идэвхгүй иргэд нийт хүн амын 60 орчим хувийг эзэлж байна. Шинэ төгсөгчдийн хувьд ажлын байрны орчин, чиг үүрэгтээ дасан зохицож, ажлаа бүрэн сурч эзэмшихэд нэгээс гурван сарын хугацааг зарцуулдаг байна. Хөдөлмөр эрхлэлтийн салбарын мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар тухайн дасан зохицох хугацааны дараа ажилтны ур чадвар, ажлын бүтээмж нэмэгдсэнээр цалин хөлс нь шат дараатай өсөх боломж бүрддэг байна. Гэвч залуучууд эхний 1–3 сарын хугацаанд тулгамдаж буй санхүүгийн болон цаг хугацааны ачааллыг даван туулж чадалгүй, ажлын байраа хугацаанаас нь өмнө орхих тохиолдол түгээмэл ажиглагддаг талаар хэлж байна. Албаныхны зүгээс залуусыг ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллуулахад зөвхөн ажил олгогчийн зүгээс санал болгож байгаа цалин хөлс, таатай орчны асуудлыг ярихаас гадна хөдөлмөр эрхлэгчдийн хувийн сахилга бат, хариуцлагыг төлөвшүүлэх нь чухал гэдгийг онцоллоо.
Нөгөө талаас оюутан болон шинэ төгсөгчдийн зүгээс дотоодын зах зээл дэх цалин хөлсний хэмжээ амьжиргааны өртөг, суурь хэрэгцээг хангах түвшинд хүрэлцэхгүй байгаа нь ажил сонголт хийхэд гол хүндрэл учруулдаг болохыг илэрхийлж байна. Үүнээс шалтгаалан залуу үеийнхний дунд сургуулиа төгсөөд шууд ажлын байранд гаралгүй, тодорхой хугацаанд хөдөлмөр эрхлэлтээ завсарлах, хилийн чанадад мэргэжил дээшлүүлэнгээ ажиллах, эсвэл бие даан хувийн бизнес эхлүүлэх хандлага нэмэгдэх болжээ. Мөн өөрт тохирсон ажлыг байрыг олохыг тулд багадаа 3 сараас 1 жил орчмыг зарцуулж байгааг хэлж байна. Тиймээс хөдөлмөрийн бодит үнэлэмжид нийцсэн цалин хөлсний тогтолцоо, ажлын байрны тогтвортой байдал болон цаашид мэргэжлийн хувьд өсөн дэвжих боломжийг салбар бүрд цогцоор нь хангаж, баталгаажуулах шаардлага тулгарч байна.
Судалгааны дүнгээс үзэхэд монголын хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний хомсдол нь ажлын байрны хүртээмжгүйд биш, харин ажил олгогчдын тавьж буй шаардлага болон залуу үеийнхний хүлээлт хоёрын хоорондох зөрүүнээс үүдэлтэй байна. Ажил олгогчдын зүгээс залуусаас тууштай байдал, хувийн сахилга батыг шаардаж байгаа бол шинэ төгсөгчид амьжиргааны өртөгт нийцсэн цалин хөлс, карьерын өсөлт, хөдөлмөрийн шударга үнэлэмжийг нэгдүгээрт тавьж байна. Иймд залуу боловсон хүчнийг эх оронд нь тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд зөвхөн ажилтнаас хариуцлага шаардах бус, хөдөлмөрийн үнэлэмжийн тогтолцоог сууриар нь шинэчилж, хувийн хэвшил болон төрийн бодлогын уялдааг хангах шаардлагатай.