“Улаанбаатар хот, 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулах” төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Тодруулбал байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНСУ-ын байгаль орчны яам, байгаль орчны корпорацтай хамтран хэрэгжүүлсэн тус төслийг 2023-2026 онд 8.9 сая ам.долларын тусламжаар санхүүжүүлэн, нийслэл болон 21 аймгийн төвд агаарын чанарын автомат станцыг бүрэн суурилуулсан байна. Ингэснээр агаар дахь хүхэрлэг хий, азотын ислүүд, рм2.5, рм10 тоосонцор, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл болон цаг уурын үзүүлэлтийг тасралтгүй хэмжих боломж бүрдүүлжээ.
Энэхүү төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө хөдөө орон нутаг, аймгийн төвүүдэд агаарын чанарыг тогтмол автомат горимоор хянах боломж хязгаарлагдмал байсан гэдгийг албаныхан хэлж байна. Иргэд өөрийн амьдарч буй орчны агаарын бохирдлын түвшнийг тухайн цаг хугацаанд нь мэдэх боломжгүй, зөвхөн нэгдсэн дундаж тоо баримтыг дараа нь хүлээж авдаг байсан бөгөөд зөвхөн нийслэл хотын цөөн цэгт л автомат станцууд ажиллаж, хөдөө орон нутгийн утаа, тоосонцрын бодит хэмжээг нарийвчлан тогтооход хүндрэлтэй байсан байна. Ийнхүү шинэ автомат станцууд ашиглалтад орсноор агаарын чанарын мэдээллийг ямар ч хүний оролцоогүйгээр, секунд, минут тутамд автоматаар хэмжиж, нэгдсэн системд шууд дамжуулах нөхцөл бүрджээ.
Энэхүү станцуудаар дамжуулан иргэд агаар дахь хүхэрлэг хий, азотын исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон болон нарийн, бүдүүн ширхэгт тоосонцрыг маш тогтоох боломжтой болсон юм. Хүн ам орчны бохирдлын нарийвчилсан мэдээг гар утас болон цахим хуудсаар шууд хүлээн авч, амны хаалт зүүх, гадаа гарах хугацаагаа зохицуулах зэргээр эрүүл мэндээ хамгаалах боломж бүрдэж байна.
Энэхүү төслийн хүрээнд Монгол улсын агаарын чанарын хяналтын сүлжээнд нийт 40 гаруй автомат станц тасралтгүй ажиллах суурь бүрдсэний 19 нь Улаанбаатар хотод, үлдсэн нь 21 аймгийн төвүүдэд байршиж байна. Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон зэрэг үйлдвэржилт, хүн амын төвлөрөл ихтэй аймгуудад агаарын чанарын үндсэн 6 гол үзүүлэлтийг иж бүрэн хэмжих өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан бол бусад аймгуудын төвд агаарын бохирдлын үндсэн цөм болох хүхэрлэг хий, азотын ислүүд болон эрүүл мэндэд хамгийн хортой нарийн ширхэгт тоосонцрыг тогтмол хэмжих гурван үзүүлэлттэй автомат төхөөрөмжүүдийг байршууллаа. Шинэ станцуудын хэмжсэн бодит цагийн мэдээллийг иргэд, судлаачдад нээлттэй харуулах зорилгоор agaar.gov.mn цахим платформ болон ухаалаг гар утасны аппликейшнийг шинэчлэн хөгжүүлж, мэдээллийн технологийг салбарын хэмжээнд бүрэн нэвтрүүлээд байна.