ОХУ, ХБНГУ-ын дипломат харилцаа хамгийн доод цэгтээ хүрч хөрлөө

Өнгөрсөн 8-р сарын 4-нд германы Лейпциг Халле-гийн нисэх буудлаас тэсрэх бодистой дрон олдож, олныг айдаст автуулсан юм. Тэгвэл мягмар гарагт германы засгийн газар уг дроны халдлагын ард ОХУ байсан гэж үзлээ. Мөн үүнтэй холбогдуулан Берлин дэх оросын соёлын төв болон ерөнхий консулын газрыг хаах зэрэг хэд хэдэн эрс шийдэмгий хариу арга хэмжээг авчээ. 

Мягмар гарагт Германы дотоод хэргийн сайд Александр Добриндт ОХУ-ын зүгээс Европыг тогтворгүйжүүлэх, Украины дэмжлэгийг сулруулах зорилготой "Холимог дайн" явуулж, дроны халдлага үйлдэхийг завдсан гэж мэдэгдлээ. Мөн Германы тагнуулын байгууллагын дүгнэлтээр уг хэрэгт холбогдсон этгээдүүд ОХУ-ын төрийн байгууллагын даалгавраар ажилласан нь тогтоогдсон юм байна. 

Түүнчлэн цагдаагийн мөрдөн байцаалт, халдлагын арга барил болон тагнуулын мэдээллээс харахад Лейпциг хотын нисэх буудалд гарсан хэргийг ОХУ зохион байгуулсан нь тодорхой байна гэж албаныхан хэвлэлд ярьжээ.  Германы гадаад хэргийн сайд Вадефул хариу арга хэмжээний хүрээнд Бонн хот дахь оросын ерөнхий консулын газрыг хааж, Берлин дэх "Оросын гэр" соёлын төвийн гэрээг цуцална гэж мэдэгдлээ. Тэрээр "Герман улс аюулгүй хэвээр байх болно. Бид нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулж, айдас төрүүлэхийг зорьсон оросын халдлагад хэзээ ч автахгүй" хэмээн онцолсон байна.

Үүний хариуд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Хэрэв Москваг буруутгах гэж байгаа бол баримт нотолгоотой байх ёстой. Гэвч одоогоор ямар ч нотлох баримт танилцуулаагүй байна. Үүнээс үзэхэд Герман улс хоёр орны харилцааг улам хурцатгах замыг сонгосон нь тодорхой байна" гэж мэдэгджээ.