В.Зеленьский: ОХУ-ын агаарын орон зай бодит байдал дээр хаагдсан

Өнгөрсөн мягмар гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленський олон улсын агаарын тээврийн компаниудад хандан ОХУ-ын агаарын орон зай бодит байдал дээр хаагдаж байна гэж мэдэгдлээ. Учир нь Украины армийн дроны цохилт эрчимжиж байгаа тул ОХУ-ын тэнгэр нисэхийн салбарын хувьд “Бүрэн аюултай” бүс болон хувирсныг тэрбээр анхааруулсан байна. 

Түүнчлэн Володимир Зеленський “Би санамсаргүй осол, үр дагавраас урьдчилан сэргийлэхийг хүсэж байна. Одоо дайн Украин биш ОХУ-ын газар нутагт эргэн ирж байна” хэмээн цааш хэллээ. 

Мөн тэрээр  “Бид ОХУ-ын агаарын орон зайг ашиглаж байгаа агаарын тээврийн компани бүрд, даатгагчдад болон оросын гол нисэх буудлуудаар үйлчлүүлсээр байгаа хүн бүрд анхааруулж байна. Оросын тэнгэр улам бүр аюултай болж байна” гэж онцлон мэдэгдлээ. Уг мэдэгдлийн дараа Украин улс иргэний агаарын тээврийн салбарт гарч болзошгүй эрсдэлийн талаар НҮБ-д албан ёсоор уламжилсан байна.

Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины төрийн тэргүүн Володимир Зеленскийн мэдэгдлийг “Улсын хэмжээний терроризмын тунхаглал” хэмээн буруутгажээ. Мягмар гарагт өндөрлөсөн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын дараа Владимир Путин “Тэд биднийг хэлэлцээрийн ширээнд эргэж суухыг шаардаж байна. Гэвч бид террористуудтай хэлэлцээ хийдэггүй юм” хэмээн хатуухан тайлбар өглөө.  Гэхдээ Москва мөргөлдөөнийг зүгээр царцаах бус, харин бүрэн дуусгавар болгож, урт хугацааны, тогтвортой энх тайвныг тогтоох хэлэлцээ, хүчин чармайлтад нээлттэй гэж Путин цохон тэмдэглэжээ. 

2022 онд Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш барууны арилжааны агаарын тээврийн дийлэнх компани ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нисэхээ зогсоосон ч Турк, Хятад зэрэг орнуудын тээвэрлэгчид нислэг үйлдсээр байгаа юм.