Нью-Йорк хотын захирагч нийтийн эзэмшлийн сургуулиуд дахь хиймэл оюуны хэрэглээг хориглолоо

Өнгөрсөн лхагва гарагт Нью-Йорк хотын захирагч Зохран Мамдани 2-8-р ангийн сурагчдын сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ашиглахыг нэг жилийн хугацаагаар түр хориглох шийдвэр гаргажээ. Уг зохицуулалт нь сурагчдын бие даан суралцах чадварыг сайжруулах болон шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварыг хамгаалах зорилготой гэж үзсэн байна. 

Тэгвэл ахлах ангийн сурагчид болон багш нарт зориулан хиймэл оюуныг хяналттай хэвээр үлдээхийг Нью-Йорк хотын Боловсролын газраас мэдэгджээ. Нью-Йорк хотын нийтийн эзэмшлийн бүх сургуулийн интернэт сүлжээ болон сургуулиас олгосон компьютер, таблетууд дээр хиймэл оюуны вэб сайтууд руу нэвтрэх, чатбот татан авах эрхийг бүрэн хаахаар төлөвлөсөн байна.

АНУ-ын хамгийн олон сурагчтай хотын нэг нь Нью-Йорк хот бөгөөд өдгөө тус хотод 1 сая гаруй сурагч суралцаж байна. Тэгвэл хотын захирагч Зохран Мамданигийн гаргасан дээрх шийдвэр нь бусад муж, хот, дэлхийн улс орнуудын боловсролын салбар дахь хиймэл оюун ухааны зохицуулалтад маш том жишиг, дохио болж байна.

Хиймэл оюуны платформууд хүүхдийн өгөгдөл, мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж байгаад хяналт тавих боломжгүй байгаа нь хүүхдийн цахим аюулгүй байдалд эрсдэл учруулж байгааг судлаачид хэлж байгаа юм. Учир нь хиймэл оюун ухаан заримдаа худал баримтыг ч үнэн мэт зохиодог нь сурагчдын судлан шинжлэх, бодитой мэдээлэл олж авах явцад сөргөөр нөлөөлж байна гэж тэд үзэж байна.