БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын иргэдийн тоо түүхэн дээд үзүүлэлтдээ буюу 287 мянгад хүрсэн талаар тус улсын Хөдөлмөр, аламжийн яамнаас мэдээлсэн байна. Гэвч ажиллах салбарын хуваарилалт тэнцвэргүй байгаа нь БНСУ-ын үйлчилгээний салбарын хүний нөөцийн хомсдолыг улам гүнзгийрэхэд хүргэжээ.
БНСУ-д гэрээгээр ажиллаж байгаа нийт 290 мянга орчим гадаадын иргэний 80 гаруй хувь буюу 230 мянга нь аж үйлдвэрийн салбарт хөдөлмөр эрхэлж байна. Үүний араас хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт 11.8 хувь буюу 33 мянган ажилчин, загас агнуурын салбарт 5.4 хувь буюу 15,441 ажилчин, барилгын салбарт 2.3 хувь буюу 6,724 ажилчин тус тус ажиллаж байна. Харин ажиллах хүчний хомсдол хамгийн өндөр байгаа үйлчилгээний салбарт нийт гадаад ажилчдын ердөө 0.5 хувь буюу 1,410 ажилчин ногдож байгаа нь тус улсын хөдөлмөрийн зах зээл дэх салбарын тэнцвэргүй байдлыг илтгэж байна.
БНСУ-д ажиллаж байгаа гадаад ажилчдын тоо 2021 онд 159 мянга байсан бол 2022 онд 203 мянга, 2023 онд 247 мянга 2024 онд 271 мянга улмаар өнгөрсөн 2025 онд 282 мянга болж жил бүр тогтвортой өссөөр иржээ. Анх 2004 онд нэвтрүүлсэн Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн систем (eps) нь дотоодоос ажиллах хүч авах боломжгүй жижиг, дунд үйлдвэрүүдэд e-9 визээр мэргэжлийн бус гадаад ажилтан авах боломжийг олгодог юм. Өдгөө Өмнөд Солонгос улс уг хөтөлбөрийн хүрээнд 17 улсаас ажиллах хүч авч байна. Хөдөлмөрийн яамны мэдээлснээр, 2028 оноос эхлэн Казахстан улс ажилчин илгээгч 18 дахь орноор нэгдэхээр болоод байгаа аж.
2004 оноос хойш БНСУ жил бүр хамгийн багадаа 50 мянган гэрээний ажилчин авах квот тогтоодог ч цар тахлын дараах ажиллах хүчний хомсдолын улмаас 2022 онд квотыг 69 мянга болгон өсгөсөн бол 2023 онд 120 мянга, 2024 онд түүхэн дээд хэмжээ буюу 165 мянган гадаад ажилчин авах визний квот тогтоожээ. Гэхдээ геополитикийн тогтворгүй нөхцөл байдлаас шалтгаалан ажиллах хүчний эрэлт суларсны дараа Засгийн газраас квотыг үе шаттайгаар бууруулж, 2025 онд 130 мянга, харин энэ жил 80 мянга болгон цөөрүүлээд байна.