Ам.долларын ханш 9-р сарын 2-ны байдлаар 3594.29 төгрөгт хүрсэн нь инфляцын өсөлтөд нөлөөлж байна. Өдрөөс өдөрт хүнс, шатахуун болон импортын барааны үнэ өсөхийн хэрээр иргэдийн өдөр тутмын хэрэглээний зардал ч нэмэгдэж байна. Өнгөрөгч 7-р сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 13 хувьд хүрсэн бөгөөд төгрөгийн ханш суларснаар өрхийн санхүүд дарамт үүсээд зогсохгүй, импортын бараа, бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдэж байгаа нь иргэдэд давхар дарамт болсоор байна.
Инфляц энэ оны 7-р сард 13 хувьд хүрсэн. Өөрөөр хэлбэл, өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараа, үйлчилгээний үнэ дунджаар 13 хувиар өссөн гэсэн үг. Инфляцын өсөлтөд хүнсний үнэ хамгийн их нөлөөлж, 6.5 нэгж хувийг, шатахууны үнэ 1.2 нэгж хувийг бүрдүүлжээ. Тэгэхээр иргэдийн өдөр бүр худалдаж авдаг хоол хүнс, тээвэрт зарцуулах мөнгө нэмэгдэж байна.
Үнийн өсөлт иргэдийн өдөр тутмын хэрэглээнд хэрхэн мэдрэгдэж байгааг өргөн хэрэглээний барааны үнээс харж болно. Тухайлбал, өнгөрсөн оны 9-р сард үхрийн ястай мах 1 кг нь дунджаар 19 мянга 920 төгрөг, төмс 2 мянга 614 төгрөг, “Алтан тариа” дээд зэргийн гурил 3 мянга 400 төгрөг байжээ. Харин энэ оны 8-р сарын 17-ны байдлаар үхрийн ястай мах 1 кг нь дунджаар 28 мянга 983 төгрөг, төмс 3 мянга 126 төгрөг, “Алтан тариа” дээд зэргийн гурил 4 мянга 343 төгрөг болж өссөн байна. Өөрөөр хэлбэл, айл өрх ижил хэмжээний хүнсийг авахын тулд одоо илүү их мөнгө зарцуулах болжээ. Хэдийгээр ҮСХ-ы мэдээллээр иргэдийн дундаж цалин, өрхийн орлого өссөн үзүүлэлттэй байгаа хэдий ч бодит байдал дээр үнийн өсөлтийн хурдыг гүйцэхгүй байгаа нь иргэдэд санхүүгийн хүндрэл үүсгэж байгааг хэлж байна.
Гэвч инфляцийн өсөлтөд зөвхөн бараа бүтээгдэхүүний үнээс гадна төгрөгийн ханшийн сулралт нөлөөлжээ. Ам.долларын ханш 9-р сарын 2-ны байдлаар 3594.29 төгрөгт хүрсэн бөгөөд энэ оны эхэн үеэс төгрөгийн ханш 2.2 хувиар суларсан байна. Гэвч манай улс өргөн хэрэглээний олон барааг импортоор авдаг учраас төгрөг сулрахад импортын бараа, түүхий эдийн үнэ төгрөгөөр нэмэгдэх дарамт үүсдэг гэдгийг эдийн засагчид тайлбарлаж байна.
Тиймээс инфляцын 13 хувийн өсөлт нь айл өрхүүд сарын орлогоороо өмнө нь авч байсан бараа, бүтээгдэхүүнээс бага зүйл авч, хэрэглээгээ танах, хуримтлал болон бусад зардлаа багасгах нөхцөл үүсэж байгааг илэрхийлж байна. Иймд үнийн өсөлтийг тогтворжуулахын зэрэгцээ өрхийн орлого үнийн өсөлтөө гүйцэж өсөх эсэх нь иргэдийн амьжиргаанд хамгийн ихээр нөлөөлнө гэдгийг эдийн засагч анхааруулж байна.