Эрчим хүчийг бодит өртгөөс 53 төгрөгөөр хямд борлуулдаг байсныг нэмэгдүүлж, 1 кв/ц цахилгаан эрчим хүчийг 304 төгрөгөөр борлуулж эхэлжээ

1 м.кв  нь 506 төгрөг байсан дулааны үнийг 25 төгрөгөөр нэмж, 531 төгрөг болгосон байна. Гэр хорооллын айл өрхийн усны тариф нэмэгдээгүй, 1 литр нь 2 төгрөгийн үнэтэй хэвээр байна. Тун удахгүй хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн иргэдийн цахилгаан дулааны асуудал ч мөн хөндөгдөж эхэлнэ. Улсаас иргэдэд  олон жилийн турш дулаан цахилгааныг бодит өртөгөөс хямдаар борлуулж ирсэнээс эрчим хүчний салбар туйлдаа хүрээд байгаа. Тиймээс Засгийн Газраас цахилгаан, дулааны үнийг бодит өртөгт нь ойртуулж, тарифыг нэмэхээс өөр аргагүйд хүрсэн юм. Ингэхдээ хэрэглэгчдэд санхүүгийн дарамт учруулахгүйгээр, үе шаттайгаар үнийг өсгөхөөр төлөвлөж, 6-р сарын 5-аас эхлэн  цахилгаан, дулааны үнийг 5 хувиар тус тус нэмээд байгаа юм. 

Үүнийг дэлгэрүүлж, зарим тоон мэдээллийг хүргэе.

—Саяхныг хүртэл эрчим хүчийг иргэдэд бодит өртөгөөс 53 төгрөгөөр хямд борлуулдаг байсан. Тэгвэл энэ оны 6-р сарын 5-аас 1 кв.ц цахилгаан эрчим хүчийг 304 төгрөгөөр борлуулж эхэлсэн байна. 
— Бодит өртөг, борлуулалтыг тэнцвэржүүлэхийн тулд 1 кв.ц эрчим хүчийг өмнөх үнээс 18.9 хувиар нэмэгдүүлэх шаардлага үүссэн ч айл өрхөд санхүүгийн дарамт учруулахгүй байх үүднээс 5 хувиар  нэмжээ. Тарифын өөрчлөлтийн үр дүнд дундаж хэрэглээтэй буюу сард 220 квт.ц цахилгаан эрчим хүч хэрэглэдэг айл өрхийн төлбөр өмнөхөөсөө ойролцоогоор 2.500 төгрөгөөр нэмэгдэх тооцоолол гарчээ.
 —Тус салбарт зөвхөн цахилгаан бус мөн дулааны үнийг ч нэмэх шаардлага үүссэн. Иймд энэ оны 6-р сарын 5-аас 1 метр квадрат  дулааны үнийг 506 төгрөг байсныг 25 төгрөг нэмж 531 төгрөг болгосон байна.
— Харин усны хувьд, гэр хорооллын айл өрхийн усны тариф нэмэгдээгүй бөгөөд 1 литр ус 2 төгрөгийн үнэтэй хэвээр байна. Тэгвэл орон сууцны айл өрхийн усны тариф литр нь 1 төгрөг 34 мөнгө байсан бол 66 мөнгөөр нэмэгдэж, 1 литр усыг 2 төгрөгөөр борлуулж эхэлжээ.

 

Тоолууртай хэрэглэгчийн хувьд цэвэр усны үнэ 1м³ нь 2,000 төгрөг, харин бохир усны үйлчилгээ 1м³ нь 1,820 төгрөг байхаар тусгажээ. Харин усны тоолуургүй өрхийн хувьд хэрэглээний төлбөрийг хүний тоонд үндэслэн тооцдог байна. Тухайлбал, цэвэр усны төлбөр нэг хүнд сард 18,414 төгрөг, бохир усны төлбөр нэг хүнд сард 16,430 төгрөг, халаалтын улиралд ахуйн хэрэглээний халуун ус халаасан дулааны төлбөр нэг хүнд сард 1,964 төгрөг, харин халаалтын бус улиралд нэг хүнд сард 2,946 төгрөг байхаар тогтоожээ. Ингэснээр тухайн өрх усны тоолууртай эсэхээс шалтгаалан сар бүрийн төлбөрийг өөр өөр аргачлалаар тооцох юм. Мөн усны хэрэглээний төлбөрөөс гадна үйлчилгээний суурь хураамжийг тусад нь тооцно. Цэвэр усны үйлчилгээний суурь хураамж өрх тутамд сард 3,125 төгрөг, бохир усны үйлчилгээний суурь хураамж 625 төгрөг байна. Мөн олон улсад мөрддөг зарчмын дагуу усны үнэ айл өрхийн сарын орлогын 5 хувиас доошгүй байх ёстой гэж заасан байдаг. Харин манай улсын иргэдийн усны үнэ сарын орлогын 1-2 хувийг эзэлдэг болохыг холбогдох албанаас  мэдээллээ.

Цахилгааны үнийг хоёр хөрш оронтой харьцуулан үзвэл, БНХАУ-д айл өрхийн цахилгааны тариф дунджаар 7.7 цент, аж ахуйн нэгжийн тариф 11.6 цент байдаг бол ОХУ-д аж ахуйн нэгжийн цахилгааны тариф дунджаар 10.7 цент байна. Харин Монгол улсад айл өрхийн цахилгааны тариф 6 цент, аж ахуйн нэгжийнх 8.7 цент байгаа нь бүс нутгийн хэмжээнд харьцангуй доогуур түвшинд тооцогдож буй юм. Мөн сүүлийн жилүүдэд шинэ эх үүсвэрүүд ашиглалтад орж, системд өндөр өртөгтэй эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдсэнээр цахилгаан эрчим хүчний дундаж өртөг өсөхөд нөлөөлж байна. Одоогийн байдлаар нийт хэрэглээний 70 орчим хувийг хуучин дулааны цахилгаан станцууд хангаж байгаа бол үлдсэн 30 хувийг сүүлийн жилүүдэд ашиглалтад орсон шинэ эх үүсвэрүүд нийлүүлж байна. Иймээс эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулж, үнэ тарифыг бодит өртөгтэй нь ойртуулах зорилгоор цахилгааны тарифыг үе шаттайгаар нэмэгдүүлэх шаардлага үүссэнийг албаныхан онцолж байна.

Тэгэхээр цахилгаан, дулаан, усны үнэ тарифын нэмэгдэл нь нэг талаас салбарын бодит өртөг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зайлшгүй шаардлага бол нөгөө талаас иргэдийн өрхийн төсөвт үзүүлэх нөлөөг тооцож, зөв тэнцвэрийг олох шаардлагатай байна.