Манай улсад нийслэлийн хэмжээнд тусгай хэрэгцээт 6-7 сургууль байдгийн нэг бол Нийслэлийн Ерөнхий Боловсролын 29-р сургууль юм. Энэ жил 29–р сургууль нийт 269 хүүхэд хүлээн авсны дотор Хэнтий, Төв, Орхон, Говь-Алтай, Архангай зэрэг аймгуудаас хүүхдүүд суралцахаар нийслэлд ирсэн байна.
Тухайн сургууль нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдээс гадна тулгуур эрхтний болон хавсарсан бэрхшээлтэй хүүхдүүдэд үйл ажиллагаа явуулдаг ба энэ жилийн орон нутгаас нийт 20 хүүхэд 1-р ангид шинээр элсжээ. Засгийн газар болон Боловсролын яамнаас хүүхэд бүрийг Ерөнхий Боловсролын сургуульд тэгш сургах, ялгаатай хэрэгцээг нь хангах эрх зүйн зохицуулалтуудыг шат дараатай авч хэрэгжүүлж байгаа ч бодит байдал дээр сургалтын чанар болон орчны хүртээмж хангалтгүй хэвээр байгааг мэргэжилтнүүд болон эцэг эхчүүд шүүмжилсээр байна. Тухайлбал, нийслэлийн 29-р сургуулийн барилга цахилгаан шатгүй учраас тэргэнцэртэй хүүхдүүд давхар хооронд зорчихдоо шатаар өгсөж, буух шаардлагатай бөгөөд уг асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байна.
Үүнээс гадна тусгай хэрэгцээт боловсрол олгох төрөлжсөн сургууль, үйлчилгээ нийслэл Улаанбаатар хотод төвлөрч байгаа нь орон нутгийн иргэдэд маш том хүндрэл, санхүүгийн дарамт үүсгэж байгааг эцэг эхчүүдийн төлөөлөл онцоллоо. Тухайлбал, хөдөө орон нутагт амьдардаг эцэг эхчүүд хүүхдийнхээ сурч боловсрох эрхийг хангах, боловсролыг нь дээшлүүлэхийн тулд зайлшгүй шаардлагаар 1000 орчим км хол замыг туулан нийслэлийг зорин ирж байна. Тусгай хэрэгцээт хүүхдүүд байнгын асаргаа, хараа хяналт шаарддаг тул эцэг эхчүүд хүүхдээ ганцааранг нь үлдээж чадахгүй, урт хугацаагаар нийслэлд амьдрахаас өөр аргагүйд хүрдэг байна. Энэ хэрээр орон нутгийн иргэд Улаанбаатар хотод ажил хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдаж, зарим тохиолдолд байрны түрээсээ ч төлж чадахгүй хүнд нөхцөл байдалд орж байгаагаа хэлж байна.
Эцэг эхчүүд болон мэргэжилтнүүдийн зүгээс тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан Ерөнхий Боловсролын сургуулиудын сургалтын орчныг иж бүрэн сайжруулж, тэгш хамруулах зарчмыг бодитоор хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хэлж байсан юм. Түүнчлэн орон нутагт тусгай боловсролын үйлчилгээг хүртээмжтэй болгох, цаашлаад орон нутгийн бүсчлэлээр тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан төрөлжсөн сургууль, сургалтын төвүүдийг шинээр нэмж байгуулах шаардлага тулгараад байна. Энэ нь орон нутгийн иргэдийг 1000 гаруй км туулж нийслэл рүү нүүх шаардлагагүй болгож, санхүү болон сэтгэл зүйн дарамтыг үлэмж хэмжээгээр бууруулах ач холбогдолтой юм.