Энэ оны төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөг хэмнэж, иргэдийн нэн шаардлагатай зардалд шилжүүлнэ

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган эхэлж, төрийн зардлыг танан, 1.4 их наяд төгрөг хэмнэхээр төлөвлөсөн энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн тодотголоор хэмнэсэн хөрөнгийг цалин, тэтгэвэр, эрчим хүч болон хүнсний хангамжид зарцуулахаар ЗГ-аас төлөвлөөд байгаа юм. 

—Засгийн газар 2026 оны улсын төсвийн тодотголоор нийт 1.4 их наяд төгрөг танахаар тооцжээ. Тэгвэл төрийн урсгал зардлаас ердөө 31 хувийг буюу 433 тэрбум төгрөг танахаар тодотголд оруулсан  байна. 
—Үлдсэн 54 хувь буюу 758 тэрбум төгрөгийг нийслэлийн үнэт цаасны санхүүжилтээс, 18 хувь буюу 249 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардлаас тус тус танахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл хэмнэлтийн дийлэнх хэсэг нь төр бүсээ чангалснаас бус харин нийслэлийн бонд болоод зогсоосон хөрөнгө оруулалтаас гарахаар байна. 
—Хэдийгээр төр ийнхүү зардлуудаа танах ч гэлээ төсвийн алдагдал танасан зардлын хэмжээгээр бүрэн арилахгүй юм байна. ЗГ-аас өргөн барьсан төсвийн тодотголын дараа 2026 оны нэгдсэн төсвийн зарлагыг 34 их наяд, алдагдлыг 2 их наяд төгрөг байхаар тооцжээ.
—Одоогоор УИХ-д өргөн барьсан төсвийн тодотголоор энэ ондоо хэмнэлт хийнэ гэж байгаа ч ирэх 2027 оны төсвийн төслөөр нэгдсэн төсвийн зарлагыг 44 их наяд төгрөг, алдагдлыг 2 их наяд төгрөг байхаар төлөвлөжээ. Тиймээс энэ удаагийн төсвийн тодотголоор төрийн зардлын бодит таналт, бодит хэмнэлт хийж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Энэ оны төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийг хэмнэхээр төлөвлөж, тухайн хэмнэлтийг иргэдэд нэн шаардлагатай зардалд шилжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал боловсролын салбарын ажилтнуудын цалинг нэмэхэд 674.5 тэрбум төгрөг, төрийн үйлчилгээний бүх салбарын цалинг нэмэгдүүлэхэд 166.3 тэрбум төгрөг тусгасан байна. Мөн ирэх 11-р сараас 435 мянган ахмадын суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд 196.3 тэрбум төгрөг, хүнсний нөөц бүрдүүлэхэд 150 тэрбум төгрөг, эрчим хүчний үнийн өсөлтөөс хамаарч өрхийн санхүүд ачаалал үүсгэхгүй байхад 107.3 тэрбум төгрөг, эрчим хүчний их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. 

Ийнхүү 2026 оны төсвийг танаж байгаа ч 2027 оны төсвийн зардлыг энэ оны төсвөөс даруй 10 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн юм. Тухайлбал  боловсролын салбарт 7.5 их наяд төгрөг, нийгмийн хамгаалалд 6.1 их наяд төгрөг, эрүүл мэндийн салбарт 2.6 их наяд төгрөг төлөвлөжээ. Түүнчлэн сангийн сайдын багц 5.3 их наяд төгрөг төсөвлөж байгаа бөгөөд үүнээс 1.57 их наяд нь зээлийн хүүгийн төлбөрт зарцуулагдана. Өөрөөр хэлбэл төсвийн тодотголоор зардлаа танаж байгаа ч зарим хэсгийг нь дахин хуваарилж, алдагдалтай төсвийг үргэлжлүүлэхээр байна гэдгийг зарим УИХ-ын гишүүд шүүмжилж байна. 

2026 оны тодотголоор төр зардлаа танаж, хэмнэсэн төсвийг цалин, тэтгэвэр, хүнс, эрчим хүчний зардалд чиглүүлэхээр төлөвлөөд байгаа. Гэсэн хэдий ч ирэх 2027 оны төсвийн төслийг 43.6 их наяд төгрөгийн зарлагатай, 2.3 их наядын алдагдалтай байхаар тооцсон нь төсвийн хэмнэлт бодитоор хэрэгжих үү, зарлагын өсөлтийг хэрхэн барих вэ гэдэг асуудлыг дагуулж байна.