Нэг ухаалаг хогийн сав 5.4 тонн багтаамжтай, 56 сая төгрөгийн үнэтэй байна

Нийслэлд 2024 оноос эхлэн ухаалаг хогийн савны технологи нэвтрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн 1-6-р хорооны нутаг дэвсгэрт нийт 74 ширхэг ухаалаг хогийн сав байршуулжээ. Нэг нь 56 сая төгрөгийн өртөгтэй энэхүү ухаалаг хогийн сав 5.4 тонны багтаамжтай бөгөөд металл, хуванцар зэргийг автоматаар ангилан ялгах чадвартай юм байна. 

Тусгай чипээр онгойдог, металл, хуванцар зэргийг автоматаар ангилан ялган ангилах зориулалттай ухаалаг хогийн савыг тендерээр шалгарсан дотоодын аж ахуй нэгж байгууллага үйлдвэрлэж, дүүргийн орон нутгийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлжээ. Нэг нь 56 сая төгрөгийн өртөгтэй тус ухаалаг хогийн сав гаднаасаа жижигхэн хэмжээтэй харагдаж байгаа ч 5.4 тонн хог хуримтлуулах багтаамжтай. Мөн дүүрсэн мэдээллээ төв системд шууд дамжуулснаар тусгай машин очиж ачдаг байна. Гэвч иргэд хогийн савны хаалт нээгдэхийг хүлээлгүй "дүүрсэн" гэж андууран, гадуур нь хогоо орхих тохиолдол гарсаар байна. Тиймээс хогийн савны хаалтыг илүү хурдан бөгөөд хялбар нээх шийдлийг мэргэжилтнүүд давхар судлах шаардлага үүсжээ.

Ухаалаг хогийн сав нь иргэдийн хаясан хогийг автоматаар ялгаж, ангилж байгаа ч эцэст нь нэг машинаар цуглуулан ачдаг нь шүүмжлэл дагуулж байна. Тэгвэл албаныхан хог дахин боловсруулах төрийн бус байгууллагуудтай шат дараатай гэрээ байгуулж, ангилан цуглуулалтыг боловсронгуй болгож байгаагаа мэдэгдлээ. 

Иргэдийн хувьд ухаалаг хогийн савыг зөвхөн нэг дүүрэгт бус, нийслэл даяар нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Гэвч багтаамжийн талаар тодорхой мэдээлэлгүй байгаа тул хогийн сав дүүрсэн эсэхийг гадна талд нь харуулдаг технологийн өөрчлөлт хийхийг санал болгож байсан юм. Мөн иргэдийг орчны соёлд суралцаж, технологийн шийдлийг зөв ашиглахыг уриаллаа.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 200 гаруй аж ахуйн нэгж, өрхийн дунд нийт 74 ширхэг ухаалаг хогийн сав байршуулжээ. Хогийн сав нээх чипээ гээсэн иргэд Чингэлтэй дүүргийн тухайн хороон дээрээ очиж, нөөцөөс дахин авах боломжтой юм байна.