Дулааны 5-р цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн хавраас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар тус станцын бүтээн байгуулалтын ажил 16 хувьтай үргэлжилж байна. Дулааны 5-р цахилгаан станц ашиглалтад орсноор нийслэл хотын баруун бүс орчмын цахилгаан, дулааны хэрэглээг хангах, төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах боломжтой болох юм.
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барих ажил энэ онд эхэлсэн. Тус станц ашиглалтад орсноор Таван шар, 21-р хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол болон 1-р хорооллыг дулаанаар хангах юм. Тэгвэл төслийн ажил дулааны 2-р цахилгаан станцын үнс хуримтлуулах талбайд тус станцыг барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар барилгын явц 16 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд төслийн талбайд үндсэн барилга болох нэг болон хоёрдугаар зуух, турбин, яндан, уутат фильтерийн суурийн угсралтын ажлуудыг хийж байна.
Төслийн гүйцэтгэгч байгууллагын 300 гаруй инженер, техникийн ажилтан өдөр, шөнийн хоёр ээлжээр ажиллаж байна. Ирэх аравдугаар сараас станцын агуулах, жижиг тоноглолын байр зэрэг туслах барилга байгууламжуудын суурийн ажил эхлэх юм байна. Мөн “ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд 65 жил хуримтлагдсан 1 сая шоо метр үнсийг зөөх ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 300 мянган шоо метр үнсийг зөөж, чөлөөлсөн талбайд суурийн ажлуудыг хийж байна. 12 дугаар сард нийт барилгын суурийн ажлыг дуусгаж, буцаан булах юм байна. Суурийн ажил дууссаны дараа металл бүтэц болон тоног төхөөрөмжүүдийг суурилуулахаар тооцоолжээ.
ДЦС-5-ыг 2028 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулснаар 300 мвт цахилгаан, 340 гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж, 100 мянган айлыг цахилгаан, 40-50 мянган айлыг дулаанаар хангах боломж бүрдэх юм байна. Ингэснээр Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 1, 3, 4 дүгээр хорооллыг найдвартай дулаанаар хангаж, Улаанбаатар хотын баруун хойд бүсийн дулааны гол эх үүсвэр болох ач холбогдолтой.