ХБНГУ-ын хэт барууны үзэлт “AFD” нам орон нутгийн сонгуульд түүхэн ялалт байгууллаа

Өнгөрөгч ням гарагт ХБНГУ-ын Саксон-Анхальт мужийн сонгууль болж, тус улсын хэт барууны үзэл баримтлалтай  "Германы Альтернатив" нам түүхэн ялалт байгууллаа. Ийнхүү тус улсын хэт барууны үзэлтнүүд дэлхийн 2-р дайнаас хойш анх удаа Герман улсын 16 холбооны мужийн нэгийг удирдах түүхэн боломж гарч ирж байна.

Ням гарагт танилцуулсан урьдчилсан дүнгээр “Германы Альтернатив” нам сонгогчдын 44.5 хувийн саналыг авч, таван жилийн өмнөх үр дүнгээ хоёр дахин нугалсан түүхэн амжилт үзүүлжээ. Тэгвэл тус мужийг сүүлийн 24 жилийн турш тасралтгүй удирдсан канцлер фридрих Мерцийн Консерватив Христийн Ардчилсан Холбоо нам ердөө 18.5 хувийн санал авч, хүндхэн ялагдал хүлээжээ. Энэ нь Берлин дэх холбооны засгийн газрын бодлогод тус улсын иргэд сэтгэл дундуур байгаагийн илрэл гэж ажиглагчид үзэж байна. 

Саксон-Анхальт мужийн сонгуульд “Германы Альтернатив” намыг удирдан оролцсон 35 настай Ульрих Зигмунд сонгуулийн дүн танилцуулсны дараа "Бид өнөөдөр түүх бүтээлээ" хэмээн мэдэгджээ. Тус нам сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хууль бус цагаачдыг албадан гаргах, сургуулийн орчинд солонгон тугийг хориглож, үндэсний далбааг өдөр бүр мандуулах, ОХУ-тай харилцаагаа сайжруулах зэрэг радикал амлалтуудыг өгсөн байна. 

Германы уламжлалт намууд хэт барууны Альтернатив намтай хамтарч эвсэл байгуулахаас татгалздаг "Brandmauer" буюу галаас хамгаалах хатуу дүрэмтэй боловч, энэ удаа “Сара Вагеннехтийн Холбоо” нам мужийн парламентад хэт баруунтнуудтай эвсэж, мужийн засгийн газар байгуулах боломжтой гэж мэдэгдлээ. Гэвч энэ нь германы улс төр дэх уламжлалт бодлогыг нурааж болзошгүй гэж үзэж байна.