Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын засгийн газрын тусгай элч Стив Виткофф, Жаред Кушнер нар Киев, Москва хотуудад айлчиллаа. Уулзалтын өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мөргөлдөөнийг зогсоохын тулд Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх, тус улсын армийг цомхотгох зэрэг "Дайны суурь шалтгаануудыг бүрэн шийдвэрлэх ёстой” гэсэн байр суурь илэрхийллээ.
Жаред Кушнер, Стив Виткофф нар Кремлийн ордонд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хаалттай хаалганы цаана 3 цаг гаруй хугацаанд хэлцэл хийжээ. АНУ-ын төлөөлөгчид өмнө нь танилцуулсан 28 заалт бүхий энхийн төлөвлөгөөн дээрээ нэмж оруулсан 4 шинэ заалт бүхий баримт бичгийг Владимир Путины ширээн дээр тавьсан байна.
Тэгвэл энэхүү хэлэлцээний үеэр Владимир Путин яаран шийдвэр гаргаж, энхийн хэлэлцээр байгуулах асуудлаар буулт хийх хүсэлгүй байгаагаа хатуу илэрхийлсэн бөгөөд Трампын төлөөлөгчдийн авчирсан төлөвлөгөөний зарим заалтыг зөвшөөрөхгүй гэдгээ хэлжээ. Тухайлбал Украины газар нутаг, тэр дундаа Донбассыг албан ёсоор ОХУ-ын газар нутгийн нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг Путин онцолжээ. Мөн дайныг бүрэн зогсоохын тулд "Суурь шалтгааныг" арилгах ёстой гэж тэрээр үзэж байна. Энэ нь Украин улс НАТО-д элсэх амбицаасаа бүрмөсөн татгалзах, мөн Украины зэвсэгт хүчний тоог 600 мянгаар хязгаарлаж, зэвсгийн үйлдвэрлэлийг зогсоох шаардлага ажээ. Товчхондоо Путин дайныг зогсоох Трампын зуучлалыг хүлээн авч, яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа харуулсан ч, Украинд газар нутаг болон НАТО-ын асуудлаар ямар ч буулт хийхгүй гэдгээ маш тодорхой илэрхийлсэн байна.
Тэгвэл Киевт болсон хэлэлцээ бэлгэдлийн шинж чанартай байсан гэж үзэж байна. 2022 онд дайн эхэлснээс хойш Трампын энхийн элч төлөөлөгч нар анх удаа Украин улсад хөл тавьжээ. Украины ерөнхийлөгч Зеленський Киевийн гэгээн София сүмд Стив Виткофф болон Жаред Кушнер нарыг угтан авсан нь оросын нисгэгчгүй онгоцууд тус түүхэн барилга руу дрон харваснаас хэдхэн хоногийн дараа боллоо.
Трампын элч нартай хийсэн хэлэлцээ маш ажил хэрэгч, дулаан уур амьсгалд болсон ч үр дүн шуудхан гарахгүй гэдгийг Зеленський маш сайн ойлгож байгаагаа мэдэгдсэн байна. Орос, Украины байр суурь хол зөрүүтэй байгаа тул бодит тохиролцоонд хүрэхэд маш их хугацаа, хүнд хэцүү дипломат тулаан хэрэгтэйг тэрээр өөрийн улсын цэрэг армидаа болон ард түмэндээ сануулжээ. Володимир Зеленський "Бид энхийн яриаг дэмжиж байгаа ч, хэлэлцээ үргэлжлэх энэ олон сарын хугацаанд Украин улсад зэвсэг, санхүүгийн тусламжаа зогсоож болохгүй. Учир нь фронт дээр тулаан өвөл хүртэл үргэлжлэх болно” хэмээн мэдэгдсэн байна.