Өнгөрсөн 8-р сард БНХАУ-ын экспортын өсөлт эрчимжсэн гэж тооцоолж байна

Албан ёсны тоо баримт хараахан гараагүй байгаа ч өнгөрсөн 8-р сард БНХАУ-ын экспортын өсөлт эрчимжсэн гэж "Ройтерс" агентлаг мэдээллээ. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг дотоодын эрэлт сул байгаа тул өсөлтөө хадгалахын тулд гадаад худалдан авалтад найдаж байгааг эдийн засагчид тайлбарлаж байна. 

8-р сард БНХАУ-ын экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар өссөн гэж эдийн засагчид тооцоолж байна. Хятадын дотоод эрэлт болон хөрөнгө оруулалт суларсан үед экспорт нь эдийн засгийн өсөлтийг нь чирэх гол зүтгүүр болж байгаа юм. Гэхдээ экспортын энэхүү өсөлт нь Хятад улсын засгийн газар үл хөдлөх хөрөнгийн хямрал зэрэг гүнзгийрсэн асуудлуудаа шийдвэрлэх хугацааг хойшлуулах шалтгаан болж байгааг шинжээчид хэлж байна.

Уг нь Хятадын бодлого боловсруулагчид 2026 оны эдийн засгийн өсөлтөө 4.5-5 хувьд хүргэх өөдрөг төсөөллийг танилцуулсан. Гэхдээ бодит байдал оны эхний хагасын байдлаар тус улсын эдийн засгийн өсөлт саарч, хоёрдугаар улиралд өсөлт ердөө 4.3 хувьд хүрсэн нь үндсэн зорилтоо биелүүлэхэд хүндрэл учирч болзошгүй байна. 

Өнгөрсөн 7-р сард дотоод эрэлт, хөрөнгө оруулалт сул байсан бол наймдугаар сард үйлдвэрлэлийн идэвхжлийг илэрхийлэгч албан ёсны PMI индекс 49.2-49.8 болж ялимгүй өсжээ. Гэвч энэхүү өсөлт нь үйлдвэрлэлийн салбарыг уналтаас гаргахад хангалттай биш бөгөөд индекс нь өсөлт, хумигдлыг заагладаг 50 хувийн босгоос доогуур, хоёр сар дараалан уналтын бүсэд үлдсэнийг шинжээчид онцоллоо.

Энэ жилийн хятадын экспортын өсөлтийг гол тэтгэж байгаа зүйл бол дэлхий даяар өрнөж буй хиймэл оюун ухааны дэд бүтцийн бүтээн байгуулалт юм. Үүнээс шалтгаалж микрочип, хагас дамжуулагч зэрэг өндөр технологийн бараа бүтээгдэхүүний эрэлт, үнэ дэлхийн зах зээл дээр маш өндөр байгаа нь хятадын экспортлогчдод том дэмжлэг болж байна.