ОХУ болон БНАСАУ-ыг холбосон анхны авто замын гүүрэн байгууламж ашиглалтад оржээ 

Өнгөрөгч даваа гарагт ОХУ, Умард Солонгосыг холбосон анхны авто замын гүүрэн байгууламж ашиглалтад оржээ. Энэхүү түүхэн бүтээн байгуулалт нь Украины дайн эхэлснээс хойш Орос, Умард Солонгосын  цэрэг-стратегийн түншлэл шинэ шатанд гарсны тод илрэл болж байна. 

Оросын зүүн хязгаарт орших Хасан болон Умард Солонгосын Туманган хотуудын хоорондох Түмэн гол дээгүүр тавьсан гүүр нь нэг километрийн урттай төдийгүй нэг өдөрт 300 хүртэлх авто машиныг нэвтрүүлэх хүчин чадалтай байна. 

Даваа гарагт ОХУ-ын ерөнхий сайд Михайл Мишустин "Хил дамнасан тээврийн дэд бүтцийг өргөжүүлэх нь цаашид худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүчтэй түлхэц болно гэдэгт би итгэлтэй байна" гэж хэллээ. 

Энэхүү гүүрийг Зөвлөлтийн улаан армийн офицер Яков Новиченкогийн нэрэмжит болгожээ. Тэрээр 1946 онд Умард Солонгосыг үндэслэгч Ким Ир Сен рүү шидсэн гранатыг биеэрээ хааж, амийг нь аварч байсан түүхтэй тул Пхеньяны зүгээс түүнийг үндэсний баатар мэт хүндэлдэг байна. 

Тэгвэл барууны ажиглагчид энэ гүүрээр дамжуулан Украины дайнд зориулсан зэвсэг, цэргийн хангамжийг эрсдэлгүйгээр, богино хугацаанд тээвэрлэх боломжтой гэж үзэж байна. Цаашилбал Умард Солонгос ОХУ-ын Курск болон хилийн бүс рүү 14–15 мянга орчим цэрэг илгээсэн гэгддэг бөгөөд тэдний  6,000 гаруй нь амь үрэгдсэн эсвэл шархадсан гэж Өмнөд Солонгосын тагнуулын алба тооцоолж байна. Мөн Ким Жон Ун Орос улсад сая сая их бууны сум, kn-23 баллистик пуужин нийлүүлснийхээ хариуд Москвагаас "Панцирь-с1" (pantsir-s1) агаарын довтолгооноос хамгаалах орчин үеийн системүүд авсан талаар мэдээлсэн юм. Үүнээс гадна цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөх пуужингийн хөдөлгүүрийн технологи, нисэх онгоц, цахим дайны ноу-хау болон тэрбум гаруй ам.долларын бэлэн мөнгө, газрын тос, хүнсний тусламж авсан байж магадгүй юм.