Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж хоногт дунджаар 190–240 мянган шоо метр бохир ус хүлээн авдаг. Харин үүнийг дагаад өдөр бүр 8–12 тонн хатуу хог хаягдал буюу нойлын цаас, нойтон салфетка, хүүхдийн живх зэрэг ахуйн хог хаягдал бохирын шугамаар дамжин ирдэг байна. Эдгээр зүйлс нь бохирын шугам хоолойг бөглөж, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг алдагдуулан, улмаар нийтийн дэд бүтцэд эвдрэл гэмтэл үүсгэх гол шалтгаануудын нэг болдог байна.
Нэг хүний буруу үйлдэл нийтийн системд томоохон асуудал үүсгэж, олон хүний хөрөнгө, цаг хугацаа, татварын мөнгөөр нөхөн засварлах шаардлагатай болдог. Иргэд суултуурт нойтон салфетка, ариун цэврийн хэрэглэл, үс, даавуу, хуванцар, тамхины иш болон бусад хатуу хогийг суултуурт хийж усаа татсанаас шалтгаалан төв цэвэрлэх байгууламжид доголдол үүсгэдэг байна.
Өдөрт олон тонноороо цугларах энэхүү хог хаягдал нь зөвхөн цэвэрлэх байгууламжийн ажилчдын хувьд ажлын ачаалал нэмэхээс гадна, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаанд шууд нөлөөлдөг ажээ. Ялангуяа нойтон салфетка, даавуу, үс зэрэг зүйлс нь усанд амархан задардаггүй учраас бусад хатуу хогтой орооцолдон бөөгнөрөх, тоног төхөөрөмжийн хэсэгт орооцолдох эрсдэл үүсдэг байна. Үүний улмаас насос гацах, механик эд анги элэгдэх, тоног төхөөрөмжийг засварлах эсвэл солих шаардлага үүсдэг бөгөөд иргэдийн хайхрамжгүй байдлаас шалтгаалан үргүй зардал гаргаж байна.
Нэг айлын суултуурт хийсэн жижигхэн салфетка тухайн айлын хувьд өчүүхэн зүйл мэт санагдаж болно. Харин хэдэн зуун мянган хэрэглэгчийн ижил үйлдэл нийлбэл хотын инженерийн дэд бүтцийн системд бодит ачаалал болж хувирдаг байна. Харин түүнийг цэвэрлэх, засварлах, солиход хүний хөдөлмөр, цаг хугацаа, санхүүгийн зардал шаардаг. Тиймээс суултуурыг хогийн сав биш, зөвхөн бохир ус зайлуулах зориулалттай гэдгийг иргэд ойлгох шаардлагатай. Нойтон салфетка, живх, ариун цэврийн хэрэглэл, хуванцар, тамхины иш, даавуу болон бусад хатуу хогийг хогийн саванд хаях нь нийтийн бохирын системийн хэвийн үйл ажиллагааг хангахад иргэн бүр энгийн боловч чухал хувь нэмэр оруулж буй хэлбэр гэдгийг холбогдох албаны мэргэжилтнүүд онцолж байна.