Манай улсын санхүүгийн салбарт финтек болон цахим зээлийн аппликэйшнүүд хурдтай нэвтэрч, иргэдийн өдөр тутмын хэрэглээний салшгүй нэг хэсэг болсон. Өнөөдрийн байдлаар санхүүгийн зах зээлд цахимаар зээл олгож буй 80 гаруй ББСБ идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 1.7 сая гаруй иргэн зээлийн үйлчилгээ авахаар дугаарлаж байна. Албаны тоо баримтаас үзэхэд, нэг иргэн нэг дор 15 хүртэлх зээлийн аппликэйшнийг гар утсандаа суулган, тэдгээрээс ээлж дараалан зээл авч, санхүүгийн эрсдэлд орж байна. Угтаа манай улсад өр орлогын харьцааг харгалзан санхүүгийн үйлчилгээ үйлчилгээ үзүүлэх дүрэм, журамтай ч бодит байдалд эсрэгээрээ буюу иргэдийн зарлага орлогоосоо давж, өрнөөс өрний хооронд амьдарч байна.
Сүүлийн жилүүдэд иргэд банкнаас гадна банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах нь нэмэгдэж байна. Үүнийг батлах нэг үзүүлэлт нь ББСБ-ын тоо юм. Одоогийн байдлаар давхардсан тоогоор 577 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаа нь өмнөх оны мөн үеэс 4 хувь буюу 22-оор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, банк бус санхүүгийн салбарт зээлийн эрэлт байгаагийн хэрээр тус салбарт үйл ажиллагаа эрхлэх байгууллагын тоо ч мөн нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцэн зээлдэгчдийн тоо ч нэг жилийн дотор 900 мянгаар нэмэгдсэн байна. Бараа бүтээгдэхүүний үнэ, шатахуун гээд иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлөхүйц бүх л зүйлсийн үнэ өсөн нэмэгдэж буй энэ цаг үед иргэд зээл авахаас өөр сонголтгүйд хүрч улмаар нэг зээлийг нөгөөгөөр нөхөх хэлбэрээр өрийн дарамт нэмэгдэж, өрхийн орлогын улам их хэсэг зээлийн эргэн төлөлтөд зарцуулагдаж байна.
Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед иргэдийн санхүүгийн төлөвлөлт, зээлийн эргэн төлөлтийн дарамт нэмэгдэх эрсдэлтэй байна. Тухайлбал, сарын 2 сая төгрөгийн орлоготой өрх орлогынхоо тал хувийг банк болон бусад санхүүгийн байгууллагын зээлийн төлөлтөд зарцуулбал үлдсэн мөнгөөрөө хоол хүнс, байр, хүүхдийн сургалт, эрүүл мэнд зэрэг зайлшгүй хэрэгцээгээ хангах шаардлагатай болно. Угтаа зээл нь зөв зохистой хэрэглэсэн тохиолдолд өрхийн хэрэгцээг шийдвэрлэх санхүүгийн хэрэгсэл боловч орлогоосоо давсан хэмжээний өр хуримтлуулах нь өрхийн санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл үүсгэдэг. Тиймээс зээлийг хэрэглээнд бус, орлого бий болгох, урт хугацаанд үр өгөөж өгөх зүйлд зарцуулах шаардлагатайг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Банкны салбарын мэдээллээр өрхийн орлого, зарлагын харьцаа хүндэрч, банкнаас дахин зээл авах боломж хумигдсанаар иргэд банк бус болон ломбард, өдрийн зээл зэрэг албан бус өндөр хүүтэй санхүүжилт рүү шилжих хандлага ажиглагдаж байгааг мэдээлж байна. Тиймээс жилийн дүнгээр 100-200 хувийн хүүтэй өндөр эрсдэлтэй зээлийн дарамтаас иргэдийг хамгаалах зохицуулалтын бодлого шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Иймд хэрэглээний зээлийг бүхэлд нь хязгаарлахаас илүүтэй өрхийн амжиргааг дэмжих, зардлыг бууруулахад чиглэсэн хэрэгцээнд тохирсон зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх шаардлагатай байна.