Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор орон нутгаас нийслэлд суралцахаар ирсэн оюутнуудын дунд дотуур байрны хүрэлцээ, хүртээмж тулгамдсан асуудал хэвээр байна. Их, дээд сургуулиудын дотуур байранд орох хүсэлт гаргасан оюутнуудын тоо жил бүр нэмэгддэг ч байрны нийт багтаамж хүрэлцээгүй байдгийн улмаас зарим оюутан хамрагдаж чадахгүй байна. Үүний улмаас орон нутгаас ирсэн оюутнууд байр, өрөө түрээслэх шаардлагатай болж, түрээсийн төлбөр болон амьжиргааны зардал нь тэдний гэр бүлд санхүүгийн нэмэлт ачаалал үүсгэдэг тухай хэлж байна.
Жил бүрийн энэ цаг үед оюутны дотуур байрны хүрэлцээ хангалтгүй гэх асуудал хөндөгддөг ч одоог хүртэл авсан дорвитой арга хэмжээ алга. Тухайлбал, энэ жил улсын хэмжээнд 25 мянга гаруй оюутан шинээр элсэн суралцаж байгаа бөгөөд эдгээрийн 40-50 орчим хувийг орон нутгийн оюутнууд эзэлж байна. Орон нутгаас нийслэлд суралцахаар ирсэн оюутнуудын хувьд хичээлдээ хамрагдахаас өмнө амьдрах байрныхаа асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгардаг. Оюутнууд дотуур байранд орох хүсэлтээ сургуульдаа гаргасан боловч өнөөдрийг хүртэл сургуулиас нь ямар нэгэн хариу өгөөгүй талаар хэлж байна. Ийнхүү дотуур байранд хамрагдаж чадаагүй оюутнууд байр, өрөө түрээслэхээс өөр аргагүйд хүрдэг. Гэвч нийслэлд байр түрээслэхэд зөвхөн түрээсээс гадна барьцаа төлбөр, хэрэглээний зардал, хоол, унаа зэрэг өдөр тутмын урсгал зардал нэмэгдэнэ. Ингэснээр орон нутагт амьдардаг гэр бүлүүдийн хувьд хүүхдээ нийслэлд сургахад шаардагдах нийт зардал нэмэгдэж байна.
Энэ жил их, дээд сургуулиудын оюутны дотуур байрны жилийн төлбөр өрөөний байршил, зэрэглэл болон хүчин чадлаасаа шалтгаалан дунджаар 830 мянгаас 2.9 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Тухайлбал, МУИС 830,000 төгрөгөөс 2.9 сая төгрөгийн хооронд байгаа бол МУБИС-ийн оюутны дотуур байрны төлбөр 890 мянган төгрөгөөс 1.6 сая төгрөгийн хооронд байна. Жил бүр орон нутгаас МУБИС-д элсэх оюутнуудын тоо өндөр байдаг. Гэвч энэ жилийн тухайд 8-р сарын сүүлээр дотуур байранд хамрагдах хүсэлтийг авч эхэлсэн ч өнөөдрийг хүртэл дотуур байрандаа хэзээ оруулах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.