Монголбанкнаас өнөөдөр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг олон нийтэд танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр Төв Банк дунд хугацаанд инфляцыг 5 хувьд тогтворжуулж, валютын ханшийг эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтоохоо мэдэгдлээ. Гэвч өнөөгийн эдийн засгийн бодит нөхцөл байдал болон Төв Банкны зорилт хооронд томоохон зөрүү байгааг тоон мэдээллүүд харуулж байна.
Монголбанкнаас мөнгөний бодлогын талаар 2027 онд төрөөс баримтлах үндсэн 3 чиглэл, 12 заалтыг гаргалаа. Үүнд мөнгөний болон төсвийн бодлогын уялдааг сайжруулах, төгрөгийн ханшийг эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтоох, банк, санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулахад чиглэж байна. Түүнчлэн инфляцыг дунд хугацаанд 5 хувьд тогтворжуулах зорилт тавьсан. Тэгвэл өнгөрсөн оны эцсийн 7.5 хувийн инфляцтай харьцуулахад өнөөгийн 13 хувийн түвшин 5.5 нэгж хувиар буюу ойролцоогоор 73 хувиар өссөн байна. Гэвч Монголбанкнаас инфляцыг бууруулах зорилт тавьсан нь өнгөрсөн оны 6 хувийн зорилтоос хэт холдсон нөхцөлд хэрэгжих гэж байгааг харуулж байгаа юм.
Инфляцын өсөлтийг зөвхөн мөнгөний нийлүүлэлттэй холбон тайлбарлах боломжгүй байдаг. Гэвч 2027 оны мөнгөний бодлогод тусгагдсан инфляцыг 5 хувьд хүргэх зорилтоос илүүтэй энэ зорилтыг хэдий хугацаанд, ямар бодит арга хэмжээгээр хэрэгжүүлэх вэ гэдэг нь чухал юм. Монголбанк өөрөө ч мөнгөний бодлого дангаараа хангалтгүй бөгөөд төсвийн бодлоготой уялдах шаардлагатайг онцолж ирсэн. Төсөв хэт тэлж, дотоодын эрэлтийг нэмэгдүүлсээр байвал нэг талд нь монголбанк бодлогын хүүгээ өсгөж инфляцыг бууруулахыг оролдон, нөгөө талд нь төсвийн бодлого инфляцын дарамтыг нэмэгдүүлэх нөхцөл үүсгэж болзошгүй байна.
Өнөөгийн нөхцөлд инфляцийг 13 хувиас 5 хувьд буулгана гэдэг нь инфляцыг 8 нэгж хувиар, өөрөөр хэлбэл одоогийн түвшнээсээ 60 гаруй хувиар бууруулах зорилт гэсэн үг. Тиймээс энэ зорилт бодит амьдрал дээр хэрэгжих эсэх нь зөвхөн Монголбанкны бодлогын хүүгээс бус төсвийн сахилга бат, хүнс болон шатахууны нийлүүлэлт, валютын орлого, төгрөгийн ханш, банкны зээлийн өсөлт зэрэг олон хүчин зүйлээс хамаарах байна. Монголбанкны зүгээс энэ онд бодлогын хүүгээ 12.5 хувьд хүргэж, банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.5 хувь болгож нэмэгдүүлсэн. Энэ нь инфляцын хүлээлтийг тогтворжуулах, үнийн өсөлтийн хоёрдогч нөлөөг хязгаарлах зорилготой боловч зээлийн өртөг нэмэгдэх, улмаар аж ахуйн нэгжийн санхүүжилт болон өрхийн хэрэглээнд дарамт үүсгэх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл инфляцыг бууруулахын тулд мөнгөний бодлогыг чангаруулах тусам эдийн засгийн идэвхжилд тодорхой хэмжээний дарамт ирэх боломжтой талаар мэргэжилтэнүүд анхааруулж байна.