Нийслэлийн иргэдийн тулгамдсан асуудал болох агаарын бохирдол, түгжрэлийн асуудал эхэлж байна. 9-р сарын 11-нд нийслэлийн засаг дарга Пүрэвдагва агаарын бохирдол болон түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрүүдээ иргэд, олон нийтэд танилцуулсан. Тэрээр агаарын бохирдлыг бууруулах таван арга замыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бол авто замын түгжрэлийг бууруулахын тулд сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах замаар эдгээр асуудлыг шийдвэрлэнэ гэж онцолжээ.
Нийслэлийн гэр хорооллын бүсэд албан ёсны бүртгэлтэй 191 мянган айл өрх байдаг бөгөөд тэдгээрээс үүдэлтэй утаа агаарын бохирдлын 51 хувийг эзэлдэг байна. Харин автомашинаас гарч буй утаа 30 хувийг эзэлдэг бол үлдсэн хувийг томоохон үйлдвэр, уурын зуухны яндангаас гарч буй утаа бүрдүүлж байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын дахин төлөвлөлт, дулаан хангамжийн ногоон шийдэл, уурын зуухыг хийн горимд шилжүүлэх, хагас коксон түлш, “Ногоон өртөө” гэсэн таван арга замыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах боломжтой гэж тооцоолж байгаа бөгөөд ойрын хоёр жилийн хугацаанд эдгээр ажлын үр дүн гарна гэдгийг онцоллоо.
Харин түгжрэлийг бууруулахын тулд шинээр 158.8 километр авто зам барихаар төлөвлөжээ. Ингэхдээ авто зам, дугуйн зам болон явган хүний замыг иж бүрнээр нь барьж байгуулах юм. Одоо байгаа 115 километр дугуйн замыг нэмэгдүүлж, нийт 327.5 километрийн дугуйн замын сүлжээг бий болгохоор төлөвлөсөн байна. Мөн Моносын уулзвар, Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар, Офицерын уулзвар, НЗДТГ-ын ард байрлах явган гүүр, Нарт хотхоны зүүн далангийн гүүр гэсэн таван байршилд олон түвшний уулзвар барихаар төлөвлөжээ. Түүнчлэн иргэдийг нийтийн тээврээр зорчуулахын тулд цахилгаан их багтаамжийн 60 автобус, 50 сургуулийн автобус, дунд багтаамжийн 46 автобус дахин шинээр худалдан авч нийтийн тээврийн парк шинэчлэл хийх бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээнд 16 шинэ чиглэл нэмж, 27.3 километрийн замын сүлжээг бий болгохоор төлөвлөсөн байна.
Агаарын бохирдол болон түгжрэл нь гэнэтийн асуудал бус харин олон жил бугшсан өнөө ч эрх баригчдын шийдэж чадаагүй томоохон гацаа гэж хэлэхэд хилсдэхгүй. Жил бүр утааг бууруулах, түгжрэлийг сааруулахад тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэхээр төсөвт тусгадаг ч үр дүнгийн асуудал маргаан дагуулсан хэвээр. Тэгвэл энэ удаа ч мөн хотын даргын хэрэгжүүлэх ажил үр дүнгээ хэрхэн өгөх нь хүлээлттэй байна.