Томоохон хурал, зөвлөгөөн, хичээлийн шинэ жил зэрэг замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг үеэр тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь хязгаарлах зохицуулалт хэрэгждэгээс үүдэн багагүй хугацаанд тээврийн хэрэгслээ ашигладаггүй. Гэсэн хэдий ч иргэд зам ашигласны татвараа жилийн 365 хоногоор тооцож, бүтэн төлдөг нь шүүмжлэл дагуулдаг. Тэгвэл өнгөрөгч 8-р сарын 15-аас хэрэгжиж эхэлсэн дугаарын хязгаарлалтын үеэр автомашинаа ашиглах боломжгүй болсон 14 хоногийн татвар, төлбөрийг ирэх жилийн дүнгээс нь хасаж тооцохоор болсныг хотын дарга мэдээллээ.
Хотын дарга Б.Пүрэвдагва дугаарын хязгаарлалт үйлчилсэн 28 хоногийн хугацаанд автомашинаа ашиглах боломжгүй болсон 14 хоногийн татвар, төлбөрийг ирэх жилийн дүнгээс нь хасаж тооцохоор болсныг танилцуулсан. Тэгвэл энэ нь иргэдийн халааснаас хэдэн төгрөгийг хэмнэж байгааг жишээ авч үзье.
Нийслэлд түгээмэл ашиглагддаг 1800 сс хөдөлгүүртэй “Приус-30”-аар жишээ авъя. Тус автомашины жилийн албан татвар 129 мянга 600 төгрөг, авто зам ашигласны төлбөр 100 мянган төгрөг буюу нийт 229 мянга 600 төгрөг төлдөг. Үүнийг 14 хоногт шилжүүлэн тооцвол ойролцоогоор 8 мянга 800 төгрөгийг жилийн төлбөрөөс хасах тооцоо гарч байна.
Тэгвэл иргэдийн зүгээс зөвхөн одоогийн 14 хоног бус бүтэн жилийн хугацаанд авто замын хөдөлгөөнд оролцоогүй өдрүүдийг ч мөн тооцож, татвараас хасах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Зам ашигласны төлбөрийн хэмжээг НИТХ-аар шийдвэрлэх бол өөрөө явагч авто тээврийн хэрэгслийн албан татварт өөрчлөлт оруулах, замын хөдөлгөөнд оролцоогүй хоногоор нь татвараас чөлөөлөх зохицуулалтыг хэрэгжүүлэхийн тулд УИХ-аар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл нийслэл өөрийн эрх хэмжээний хүрээнд зам ашигласны төлбөртэй холбоотой зохицуулалтыг шийдвэрлэх боломжтой ч авто тээврийн хэрэгслийн албан татварт хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх асуудлыг хуульд тусгайлан зааж байж хэрэгжүүлэх боломжтой.
Нэг иргэний хувьд 8 мянга орчим төгрөг нь бага мэт боловч, нийслэлийн хэмжээнд 3 тэрбум төгрөг давсан мөнгөн дүн төсвөөс хасагдах юм. Харин хууль болон журамд өөрчлөлт оруулах ажил хэзээ эцэслэн шийдэгдэх, мөн зөвхөн өнгөрсөн 14 хоногоос гадна цаашид хэрэгжих автомашины дугаарын хязгаарлалтын өдрүүдийг ч мөн татвараас хасаж тооцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.