Дроны халдлагад өртсөн ОХУ-ын Рязань хот дахь газрын тос боловсруулах үйлдвэр үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ

ОХУ-ын төрийн өмчит "Роснефть" компанийн харьяа, тус улсын хамгийн том эрчим хүчний дэд бүтцийн нэг болох “Рязань” газрын тос боловсруулах үйлдвэр Украины дроны халдлагад өртөж, үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ. Энэ сарын 6-ны өдөр болсон халдлагын уршгаар тус үйлдвэрийн хамгийн чухал анхдагч боловсруулах нэгж болох CDU-4 болон CDU-6 төхөөрөмжүүд нь галд өртөж, ажиллагаагүй болжээ. 

CDU-6 нэгж нь дангаараа жилд 8 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай бөгөөд энэ нь үйлдвэрийн нийт хүчин чадлын бараг тал хувийг эзэлдэг ажээ. Тэгвэл Рязанийн боловсруулах үйлдвэрийн өөр нэг чухал хэсэг болох CDU-3 нэгж нь өнгөрсөн 5-р сараас хойш төлөвлөгөөт засвартай байгаа тул дроны халдлагын дараагаас үйлдвэр ийнхүү бүхэлдээ зогссон байна. ОХУ-ын албаны эх сурвалжууд эвдэрч гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг дахин сэргээж, засварлахад багадаа 2 сарын хугацаа шаардлагатай гэж хэвлэлд ярьжээ. 

2026 он гарсаар Рязанийн боловсруулах үйлдвэр Украины зэвсэгт хүчний давтамжтай халдлагад байнга өртөж байгаа бөгөөд энэ жил гэхэд л  хэд хэдэн удаа зогсолт хийгээд байна. 

Өнгөрсөн 5 болон 7-р сард дроны халдлагын улмаас Рязаний үйлдвэрийн боловсруулалт зогссоны дараа ОХУ даяар шатахууны хямрал гүнзгийрсэн. ОХУ дотоодын нөөц бололцоогоо ашиглан үйлдвэрийг зуны турш сэргээн засварлаж, энэ сарын эхээр ашиглалтад оруулсан ч ийнхүү дахин дроны довтолгоонд өртжээ. 

Москва хотоос зүүн өмнөд зүгт 200 км-т орших Рязанийн үйлдвэр нь ОХУ-ын нийт газрын тосны хэрэглээний 5-8 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд нийслэл хотыг шатахуунаар хангадаг стратегийн дэд бүтэц юм. 2024 онд тус үйлдвэр 13.1 сая тонн түүхий тос боловсруулж, олон сая тонн бензин, дизель түлш үйлдвэрлэжээ.

Үйл ажиллагаа нь ийнхүү урт хугацаагаар дахин гацахад хүрсэн нь оросын дотоодын зах зээлд, ялангуяа төвийн бүс нутгуудад шатахууны хомсдол үүсгэж, үнэ өсөх эрсдэлийг бий болгож байна.