Лхагва гарагт даллас хотод болсон БНН-ын үндэсний чуулганы үеэр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн үзэл баримтлалаасаа ухарсан амлалт өгч, олон нийтийг гайхшируулжээ. Тэрээр ирэх 11-р сард болох завсрын сонгуульд Бүгд Найрамдах нам олонхын статусаа хадгалж, ялалт байгуулбал АНУ-ын насанд хүрсэн иргэн бүрд “Ногдол ашиг” тараана гэж мэдэгдсэн.
Түүний хэлснээр бол хэрэв Бүгд Найрамдах намынхан завсрын сонгуульд ялалт байгуулбал АНУ-ын 270 сая насан хүрсэн иргэнд нийт 1.3 их наяд ам.долларын ногдол ашиг тараах болно. Тэгвэл шинжээчид уг амлалтыг Трампын улс төрийн гүн хямрал, нэр хүнд нь шалдаа бууж буй үеийн "Барьц алдсан" үйлдэл хэмээн дүгнэж байна.
Трамп Иранд агаарын цохилт өгөх шийдвэрийг дур мэдэн гаргасан нь олон улсад болон АНУ-ын дотоодод маш их шүүмжлэл дагуулсан. Сүүлийн үеийн санал асуулгын үр дүнгээс харвал америкчуудын 77 хувь нь Трампын баримталж буй бодлогод сэтгэл дундуур байгаа юм. Тэр дундаа америкчууд импортын татвар нэмэгдүүлэх шийдвэр, мөн Ираны мөргөлдөөнөөс үүдэлтэй шатахууны үнэ болон инфляцын өсөлтөд цагаан ордныг буруутгав.
Хэрэв ирэх 11-р сард болох сонгуульд Бүгд Найрамдах нам ялагдвал Трамп ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ үлдсэн хугацаанд ямар ч хууль баталж чадахгүй, улс төрийн хувьд 'Гар хөл нь хүлэгдсэн' байдалд орох юм. Тиймээс тэр конгресс дахь эрх мэдлээ алдаж, Ардчилсан намынхантай зөвшилцөх эсвэл тэдний дарамтад орохыг хүсэхгүй байгаа тул сонгогчдыг өөртөө татахын тулд сонгогчдод бэлэн мөнгө амлаж байна гэж шинжээчид үзэж байна.