Энэ сарын 11-ний өдөр БНБУ-ын төв хэсэгт байрлах хувийн зэвсгийн компанийн агуулахад хүчтэй дэлбэрэлт болж, түймэр дэгджээ. Энэхүү байгууламж нь украин улсын зэвсэгт хүчнийг сум, зэвсгээр хангадаг “emco” компанийн эзэмшлийнх бөгөөд уг хэргийн цаана гадны хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй хэмээн шалгаж эхэлжээ.
Энэ сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Болгарын Царева Ливада тосгоны ойролцоо зэвсгийн агуулах дэлбэрч, шөнийн тэнгэрт аварга том галын дөл дүрэлзэж байгаа дүрс бичлэгүүд цахим орчинд нийтлэгдсэн байна.
Осол гарах үеэр агуулахын ажилчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж амжсан бөгөөд хүн бэртэж гэмтсэн, амь үрэгдсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Одоогоор хуулийн байгууллагын шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бол “EMCO” компанийн зүгээс дотоодын хяналт шалгалтаар "Хүний хүчин зүйлийн улмаас дэлбэрэлт болоогүй” нь тогтоогдсон гэж мэдэгджээ. Мөн уг хэргийг зориуд зохион байгуулалттай хийсэн "Хорлон сүйтгэх ажиллагаа" гэж зэвсгийн компаниас албан ёсоор мэдэгдлээ. Тэгвэл уг хэрэг гарахаас хэдхэн долоо хоногийн өмнө буюу өнгөрсөн 8-р сард тус компанийн өөр нэгэн зэвсгийн агуулахад мөн дэлбэрэлт болж, томоохон хохирол амссан байна.
Ээлж дараалсан дэлбэрэлтийн дараа Болгар улсын Дотоод хэргийн сайд Иван Демерджиев “Бид гадны оролцоог үгүйсгэхгүй байна. Өмнө нь тус компани болон бусад батлан хамгаалахын үйлдвэрүүдэд гарч байсан ижил төстэй хэргүүдийг нэгтгэн, хоорондоо ямар нэгэн холбоо хамаарал эсвэл нэгдсэн загвар байгаа эсэхийг нарийвчлан шалгаж байна” хэмээн мэдэгджээ.